ГҮМҮДА-Тэр ертөнц

Гүмүда-Сарны цэцэг. Олон жилийн өмнө энэ сайхан нэртэй цэцгийн талаар сонсоод эрж хайсан ч үлгэр домгийн гэлтэй түүнийг бодитоор харж чадаагүй юм. Тиймээс дахин давтагдахгүй энэ цэцэгсийг өөрийн гараар хийж эхэлсэн нь хязгааргүй уудам орчлонгийн хаа нэгтээ ийм цэцэгс байж магад гэх сэтгэгдлийг надад төрүүлсэн. Магадгүй тэр ертөнцөд.

Тэр ертөнц. Бид бүгд энергийн хуулиар хэзээ нэгэн өдөр хаа нэгэн газраас хаа нэг зүг рүү явдаг. Тэр ертөнцөд магадгүй хөрс шороо, газар дэлхий үгүйгээр хүссэн зүгтээ нисэж /шилжиж/, цэцэгс нь агаарт хөвөн, ийн жингүйдэж оршдог байж ч болох... Харин эдгээр цэцэгс тэр л ертөнцийн, эсвэл миний ертөнцийн, магад эсвэл миний хайртай бүхэндээ зориулж бүтээхийг хүссэн ертөнцийн маань нэгээхэн хэсэг юм.

Нөгөөтэйгүүр энэ бүгд та бүхний сайн мэдэх, бас огт мэдэхгүй Золжаргалын сүүлийн 20 жилийн туршлага, мэдлэг, баяр болоод гуниг, харуусал бас амжилтын илрэл юм. Нэг талаас энэ үзэсгэлэн маань нэг л бүтээл, нөгөө талаас мянган өөр бие, сэтгэл бас мянган ширхэг миний бүтээл. Нэг бүрчлэн хараад үзвэл нэг өдөр ч хангалтгүй ихийг өгүүлэх миний сэтгэл дотор. Нийтээр нь ажиглавал магадгүй байдаг л нэг цэцэгс. Гэвч хийх явцаасаа эхлээд л... хэсэг шавар тасалж аваад түүнийгээ нэг амь хэмээн бодож, явцын дунд тасарсан ч түүнийг нь тэр цэцэгний, тэр амины туулах ёстой тавилан хэмээн сэтгэж, өөрт нь эргүүлэн наагаад, урагдвал тэр чигт нь орхиж эдгээр цэцэгсийг хийсэн минь магадгүй тэр болгонд давтагдашгүй гоо үзэсгэлэн нэмсэн мэт. Яг л хүн шиг...

Гоо үзэсгэлэнт нэгэн хүмүүнийг орчлон яаж бүтээдгийг харуулах лугаа. “Нэг цэцэг нэг хүмүүн эсвэл нэг оршихуй”.

Уран бүтээлч Ч.Золжаргалын “ГҮМҮДА-Тэр ертөнц” бие даасан үзэсгэлэнг үзэж сонирхохыг хүсвэл 2024 оны 4-р сарын 6-30-ны өдрүүдэд ХААН галерейд ажлын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна.