"Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц худал мэдээлэл тараасан" гэх Т.Бат-Эрдэнэд нэг жилийн хорих ял оноолоо

"Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц худал мэдээлэл тараасан" гэх Т.Бат-Эрдэнэд нэг жилийн хорих ял оноолоо

"Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц худал мэдээлэл тараасан" гэх Т.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд нэг жилийн хорих ял оноолоо. 

Тэрбээр өнгөрөгч 2023 оны 8-9-р сард "Чагнаа Чаагий" хэмээгч фэйсбүүк хаягаас: "Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой", "Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна", "Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж Засаг төрийг эргүүлцгээе"...зэрэг мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн байдаг.

Эдгээр мэдээллийн дагуу тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан”, мөн хуулийн 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх заалтыг дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм. 

Шүүхээс Т.Бат-Эрдэнийн худал мэдээлэл тараасан үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх, үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорихоор болж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорихоор тогтоосон нь энэ аж.