БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй "таарамжгүй"-н улмаас ажлаасаа халагдсан ТНБД асан Э.Баттулгыг эргүүлэн томилж, цалинг нөхөж олгох шүүхийн шийдвэр гарчээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй "таарамжгүй"-н улмаас ажлаасаа халагдсан ТНБД асан Э.Баттулгыг эргүүлэн томилж, цалинг нөхөж олгох шүүхийн шийдвэр гарчээ

Өнгөрсөн 2023 оны гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй мөн БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүйн улмаас ажлаас нь чөлөөлөх хүсэлт Засгийн газарт хүргүүлсэн гэх мэдээлэл ч тухайн үед гарсан юм.

-Э.БАТТУЛГЫН ШҮҮХЭД ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙН ДАГУУ АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААН ДАХЬ ЭРҮҮЛ МЭНД БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Үүний дараа Э.Баттулга нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүүхэд гаргажээ. Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хянаж үзээд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Э.Баттулгыг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох журамд заасны дагуу тооцон гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

-БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС Э.БАТТУЛГЫГ САЙДААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫГ ЗОРИУД ЭСЭРГҮҮЦЭЖ, АЖИЛ ҮҮРГЭЭ ХАНГАЛТГҮЙ БИЕЛҮҮЛСЭН, НОЦТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭЖ БУРУУТГАСАН Ч ШҮҮХ ХАНГАЛТТАЙ НОТЛОХ БАРИМТ БАЙХГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Э.Баттулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгэсээр ирснийг хөндлөнгийн байгууллагуудын үнэлгээ дүгнэлт харуулна. Хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулахыг хориглосон байх тул Засгийн газрын 2023 оны 102 дугаар тогтоолыг үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна” гэж дурдсан бол БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлэхгүй зориуд эсэргүүцэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байсан мөн сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөх ноцтой худал мэдээллийг яам болон салбарын хэмжээнд тараах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан гэсэн мэдээллийг шүүхэд хүргүүлжээ.

Гэсэн ч давж заалдах шатны шүүхийн зүгээс дээрх мэдээлэлтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, үндэслэлээ нотлоогүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/1242 дугаар албан бичигт дурдсан үндэслэлүүдийг бодитоор бүрэн эргэлзээгүйгээр тогтоож нотолсон баримтууд байхгүй тул маргаан бүхий Засгийн газрын тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд тохирсон гэж үзэх боломжгүй юм" гэж үзжээ.

-Э.БАТТУЛГА НЬ ӨМНӨ НЬ БОАЖЯ-НЫ САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛГОСОН 300 ОРЧИМ ГАЗАР, ХУУЛЬ БУС ХАЛАА, СЭЛГЭЭ ЗЭРЭГ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДАЖ БАЙЖЭЭ-

Э.Баттулга нь БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоос өмнө УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 19-ний Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байдаг. Эх сурвалжийн мэдээлж байснаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нь үүнээс өмнө БОАЖЯ-нд өрнөж буй хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар Засгийн газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасан байсан аж. Тухайлбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хууль зөрчиж олгосон 300 орчим газрын асуудал, томилгоо, халаа сэлгээ зэрэг хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар ийнхүү хандаж байжээ.