СОНГУУЛЬ 2020: МАН Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин нарын залуусаа хотод сойж, “жидүүчдээ” хөдөөд дэвшүүлнэ

СОНГУУЛЬ 2020: МАН Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин нарын залуусаа хотод сойж, “жидүүчдээ” хөдөөд дэвшүүлнэ

Эрх баригч МАН хуульд заасан хугацааны дагуу хоёрдугаар сарын 01-ны өдрөөс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгов. Өчигдөр /2020.01.27/ тус намын Удирдах  зөвлөл, Бүлэг хуралдаж улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандаттай байхаар тогтсон. Харин орон нутагт 20 тойрог, 52 мандаттай байхаар тохирсон гэж тус бүлгийн  дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн юм.

-ГОВЬСҮМБЭР, ДУНДГОВИЙГ НЭГТГЭЖ НЭГ ТОЙРОГ БОЛГОНО-

Энэ дундаа нэг тойрогтой аймгуудыг хоёр мандаттай болгосон байна. Тодруулбал, Дундговь, Булган, Сүхбаатар,  Говь-Алтайг нэг тойрог, хоёр мандаттай болгосон. Хүн амын тооноос хамаараад Дундговийг Говьсүмбэртэй нэгтгэнэ гэж буй.  

Харин нийслэл Улаанбаатар хотод 9 тойрог 24 мандаттай байхаар шийдвэрлэжээ. Үүнээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг хоёр мандаттай байхаар тогтсон байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж, хоёр, хоёр тойрог болгосон бөгөөд  нэг нь хоёр мандаттай нэг тойрог, нэгийг нь гурван мандаттай хоёр тойрог болгохоор тогтжээ. 

МАН тойрог, мандатын тоог ингэж тогтсон нь учиртай бөгөөд эртнээс бодож төлөвлөсөн төлөвлөгөө нь гэж хэлж болно.

Тус нам 2020 оны УИХ-ын сонгуульд хөдөө, орон нутгаас ихэнх саналыг цуглуулна гэж тооцсон учир хөдөөгийн тойрог, мандатыг нэмсэн нь энэ юм. Харин хотод МАН биш АН ялах магадлалтай учраас ийнхүү нийслэлийн тойрог, мандатыг цөөлсөн гэж эх сурвалжууд мэдээлж байна.  Тийм ч учраас АН нийслэлийн мандатыг цөөлөхийг эсэргүүцэж УИХ-ын даргад шаардлага хүргүүлж буй. АН-ын зөвлөлөөс 3000 хүрэхгүй хүн амтай аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгож болно. Нийслэлийн мандатыг хасах шаардлагагүй гэж мэдэгдсэн билээ.

-НЭР ЦЭВЭР ЗАЛУУСАА ХОТОД НЭР ДЭВШҮҮЛЖ, “БҮТЭХГҮЙ
ГАРУУДАА” ХӨДӨӨ РҮҮ ХӨӨНӨ”

МАН-ын бас нэгэн төлөвлөгөө нь “Хөгжлийн банк”-ны захирал асан Г.Амартүвшин, ХӨСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн тэргүүтэй нэр цэвэр залуусаар ахлуулсан багийг нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшүүлэх юм.

Тэр дундаа Ж.Чинбүрэнг Баянзүрх дүүрэгт, Г.Амартүвшинг Сүхбаатар эсвэл Хан-Уул дүүрэг нэр дэвшүүлж магадгүй байгаа юм.  Учир нь Улаанбаатарын сонгогчид  “жидүүчид”-ийг сонгохгүй гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс “жидүүчид”-ээс эхлээд “бүтэхгүй нөхөдөө” хөдөө, орон нутаг руу явуулахаар тохирч байгаа гэх мэдээлэл байна.

Тэр бүү хэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хотын аль нэг дүүрэгт нэр дэвшинэ ч гэх мэдээлэл байгаа юм. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр зэрэг олон хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж албан бусаар нам дотроо мэдэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.