СУРВАЛЖИЛГА: Өвчний сургаар “дөвчигнөсөн нь” ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ үүсгэх эрсдэл бий болгов

СУРВАЛЖИЛГА: Өвчний сургаар “дөвчигнөсөн нь” ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ үүсгэх эрсдэл бий болгов

-ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ Ч ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ
БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ- 

Монгол хэлний үгийн санд “дөвчигнөх” гэдэг үг бий. Язгуур нь “дөв”. Дөвийлгөх, дөвийх гэх үгстэй язгуур нэг. Толь бичигт “дөвийх” гэх үгийг “хөөнгө байдалтай болох, нэр, сүр нэмэн сайрхах” гэж тайлбарлажээ. 

Коронавирусын талаар худал, үнэн нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархан нэг удаагийн маск, гар ариутгагчаас эхэлсэн эрэлт ойрын хэд хоногт хүнс  рүү “орсон”. “Захуудыг хааж, өргөн хэрэглээний бараа өснө” гэсэн худал мэдээллээс болж И-март, Номин, Сансрын сүлжээ дэлгүүрүүдэд гэнэтхэн өргөн хэрэглээний барааны эрэлт ихсэн, шуудай шуудайгаар нь гурил авах хүмүүсийн зураг сошиалаар тархаж, дэлгүүрийн лангуу хоосорч барааны хомсдол үүссэн гэх яриа гарч хүмүүсийг сандаргаад амжсан.  Энэ бол жинхэнэ “дөвчигнөл”.

Өөрөөр хэлбэл өвчний сургаар “дөвчигнөсөн” хэрэг юм. Чухамдаа хүнсний хомсдол үүсээгүй, харин гэнэт өссөн эрэлтэд хараахан бэлдээгүй байсан учир дэлгүүрийн нөөц дууссан төдий, нөгөө талаар өрөлт хийгдэхээс өмнөх зургаар иргэдийг “хөөргөсөн” төдий. Бид Сансар болон Хан Уулын И-Март салбар, Номин, Оргил супермаркетаар явж иргэдийн ярьж байгаачлан гурил, цагаан будаа, гоймонгийн хомсдол үүссэн эсэхийг сурвалжилсан юм.

11-р хорооллын “Номин” супермаркетад үнэхээр гурил, будаа ховордсон байлаа. Дэлгүүрийн ажилчны хэлж байгаагаар “Өчигдрөөс хойш гэнэт  гурил, будааны эрэлт ихэссэн. Хүмүүс гурил, будаа авахдаа хоёр, гурваар нь авч байсан учир ингэж гэнэтхэн дууссан. Маргаашаас бараа нийлүүлж хэвийн болно” гэсэн юм.

Харин Чингисийн И-март салбарт очиход барааны хомсдол үүссэн шинж алга. Дэлгүүрийн ажилтнуудаас асуухад “Энэ хэд хоног гурил, будаа, гоймон урьд өдрүүдээсээ их зарагдсан. Гэхдээ ямар ч хомсдол үүсээгүй” гэж байлаа.

“Хан-уулд байрлах И-мартын гурил, будаа дуусч байна” гэсэн сургаар очтол энгийн үед дүүрэн байдаг будааны хэсгийн лангуу хоосорсон байсан юм. Энэ хэсгийг хариуцсан худалдагч “Өчигдөр будаа, гурил авч байгаа хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Шинэ жилээр ч ийм байгаагүй. Вирус гарсан сургаар хүмүүс гэнэтхэн л будаа, гурилаа, нөөцөлж эхэлсэн бололтой. Гэхдээ иргэдийн ярьж байгаа шиг барааны хомсдол үүсээгүй. Нөөц бага байсан учир гэнэтийн эрэлтэд дууссан. Одоо дахиад ирж байгаа “ гэсэн юм.

-ИРГЭД: ХОРИОНД ОРВОЛ ГУРИЛ БУДАА, ХЭРЭГТЭЙ-

Харин хоёр, гурван шуудайгаар гурил авч буй хүмүүсээс асуухад “Хүмүүс гурил, будаа аваад байхаар нь нийтийн жишгийг дагаж байна” гэсэн бол, өөр нэгэн иргэн “Хорио тогтоож, хил хаахаас өмнө гэртээ нөөцөлж авч байна” гэж хариулсан юм.

Гэтэл  Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээллээр шинэ коронавирусийн халдвар нь Нийгмийн Эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрээгүй гэдгийг мэдэгдсэн. Мөн Монголд гарсан тохиолдол бүртгэгдээгүйг ЭМЯ нотлон хэлж буй. “Номин Холдинг” компаниас ч өргөн хэрэглээний барааны үнийг нэмэхгүй гэж мэдэгдэл гаргасан.

“Бараа нь дуусч, хомсдол үүсч байна” гэх И-Март, Мини дэлгүүрийн ажилтнууд ч хомсдол үүсээгүй, үнэ нэмэгдэхгүй гэсэн тайлбарыг өгч байна.

Корона вирусын халдвар гарсантай холбоотой “өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, хомсдол үүснэ” гэсэн мэдээлэл сошиал орчинд тархсан ч бодит байдал ийм байлаа. Бусдын санаатайгаар болон санаандгүй тараасан худал мэдээлэл сошиалаар хүчирхэгжин олон хүнийг хөөргөж, айлгаж, сандаргаж болдгийг энэхүү жишээ харуулж байна. Үнэн худал нь үл мэдэгдэх “сошиал мэдээ”-г саруул ухаанаар шүүн, тунгааж бусдад дамжуулах нь иргэн таны үүрэг, бас хариуцлага. Иймээс ЭМЯ болон ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, албан ёсны мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсье.

Хэрвээ иргэд зохиомлоор хомсдол үүсгэсээр байвал барааны үнэ нэмэгдэх, инфляци өсөх гэх мэт Монгол банк, Засгийн газраас шалтгаалахгүй  хүндрэл, эрсдэлүүд эдийн засагт бий болно гэдгийг манай иргэд санах хэрэгтэй.

Мөн энэ бол хүнс ховордсон 1990 оны картын барааны үеэс тэс өөр нийгэм билээ. Бид дотооддоо хүнсээ өргөн хүрээнд олон төрлөөр үйлдвэрлэдэг болсноос гадна импортын барааны эзлэх хувь хэмжээ ч тийм бага ч биш юм.