Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байсан боловч маргаашнаас эхлэн хүйтний эрч эрс чангарахыг Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.
30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.