А.Халиунаа: “Эрүүл, мисс ээж” болох зорилго тавьж, дөрвөн сарын дотор 33 кг жин хасаж чадсан /ВИДЕО/

А.Халиунаа: “Эрүүл, мисс ээж” болох зорилго тавьж, дөрвөн сарын дотор 33 кг жин хасаж чадсан /ВИДЕО/

“Төрөлхийн тарган хүн турахгүй” гэх ойлголтыг эвдэж, гэртээ хүүхдээ харж суух хугацаандаа “мисс ээж” болох зорилго тавьж, түүнийгээ богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж олон нийтийн сүлжээнд бусдад үлгэрлэж буй А.Халиунаа гэх эмэгтэйг iSee.mn мэдээллийн сайт энэ удаагийн Social ID буландаа урилаа. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Алтангэрэлийн Халиунаа гэдэг. Гэртээ хүүхдээ харангаа өөрийгөө өөрчилж Нягтлан бодогч мэргэжилтэй. Мэргэжлээрээ таван жил ажиллаад хүүхэдтэй болж декритээ аваад байж байгаа ээж хүн байна аа.

-Ямар ажил эрхэлдэг вэ?

-Би нягтлан бодогч мэргэжилтэй. Энэ чиглэлээр МУИС-д суралцаж төгсөөд таван жил ажилласан. Одоогоор декритээ аваад хүүхдээ харж байгаа.

-Таны “төрөлхийн тарганаас турсан нь” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Хүмүүст ч их хүрсэн байна лээ. Тэгэхээр яагаад турах болов гэдгээс яриагаа эхэлье?

-Би багаасаа нэлээд тарган бондгор охин байсан. Тэрнээсээ болж шоглуулж, гоочлуулдаг байсан. Тэр үеэс л гоё туранхай эгч нарыг хараад ийм гоё болох юм сан гэсэн бодол, мөрөөдөл байсан боловч яг зорилго болгоод хэрэгжүүлж байгаагүй. Гэтэл саяхан би ээж болсон. Төрснийхөө дараа жин дээр зогсож үзэхэд 83 кг болсон байсан. Миний хувьд хамгийн таргандаа л 79 кг хүрдэг байсан юм. Гэтэл 83 кг болчихсон дээрээс нь би өөрөө жижигхэн биетэй болохоор үнэхээр аймар харагдаж байгаа байх гэж бодогдоод турахгүй л бол болохгүй юм байна.

Одоо л турья гэж бодсон. Бас би дутуу төрсөн учир хүүхэд маань алгын чинээ жаахан. Ээж нь болохоор аварга том биетэй байсан л даа. Тэгээд л би ер нь бүхэл бүтэн хүн бүтээчхээд яагаад өөрөө ийм амьдралын буруу хэв маягтай, илүүдэл жинтэй байгаа юм. Хүүхэд маань өсөж том болоод надаас суралцана. Тиймээс би эрүүл хүн болж, эрүүл амьдралын хэв маягтай байх ёстой юм байна гэж бодоод хүүхдийнхээ нэг насны ойн баяр дээр ээж нь “мисс болоод зогсож байна” гэх зорилго тавиад хичээж эхэлсэн.

-82 кг жингээс шууд 49 кг жинтэй болно гэдэг мэдээж амаргүй шүү дээ. Их тэвчээр шаардсан байх. Бас нөгөө талдаа зөв арга барилаар хичээсэн учир богино хугацаанд энэ үр дүнд хүрсэн юм болов уу гэж харж байна. Таны хувьд энэ талаар хэрхэн судлав. Ямар аргыг хэрэгжүүлсэн бэ?

-Яг турья гэж шийдээд гурван сарын турш маш их судалгаа хийж, туршиж үзсэн. Бас манай аав эмч болохоор аавынхаа дэмжлэгийг авч эрүүл мэндийн талаас нь зөвлөгөө авч, эрүүл мэндийн шинжлэх ухаан талаас энэ арга зөв үү, миний биед ямар сайн, ямар муу нөлөө үзүүлэх үү. Аль арга нь эрүүл вэ гэхчлэн маш их зүйлийг зөвлөлдөж, судалсан. Тэгээд өөртөө таарсан арга барилаа олж, төлөвлөгөө гаргаж боловсруулаад хэрэгжүүлсэн. Ингэхдээ бага байхаас тарган байсан нь хоолны зохисгүй хэрэглээ байсан тул 80 хувьд нь хоолоо зохицуулж, 20 хувьд нь дасгал хөдөлгөөнөөр дэмжиж өгснөөр дөрвөн сарын дотор 33 кг хасаж чадсан.

-Маш их судалсан гэлээ шүү дээ. Энэ дээр нэг зүйл нэмж асуухад гадуур маш их тураах цай, кофе худалдаалагддаг. Турах гэж буй олон хүн хэрэглэдэг. Энэ нь таны хувьд хэр зохистой сонголт вэ?

-Би өмнө нь хэрэглэж үзэж байсан. Яг миний одоогийн үр дүнд хүргэхгүй ч тухайн үедээ баг зэрэг жин хасдаг. Гэхдээ буцаад таргалах нь хурдан бас биеийн эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж байдаг юм байна лээ.

-Ганц гадна талаас харагдах байдлаар туранхай болохоос гадна энэ үр дүнд хүрэхэд сэтгэлзүй маш их нөлөөлдөг байх. Таны хувьд гэр бүлийнхэн нь хэрхэн тусалж, дэмжив. Сэтгэлзүйн хувьд хэн хамгийн их дэмжиж, нөлөөлж байв?

-Аав, ээж маань л байсан. Яах вэ яг хамт хажууд байгаагүй ч зайнаас маш их дэмжиж байсан. Ер нь намайг ямар нэг зүйл хэрэгжүүлэхээр болж зорилго тавиад эхлэхэд ард минь асаалттай танк гэдэг шиг аав, ээж хоёр маань үргэлж байдаг байсан. Яг л тэр байдлаараа энэ удаад ч миний ард “Охин минь чи чадна. Ёстой хөөрхөн болж байна. Гоё болж байна. Үүнээс илүүг ч чадна” гэж урам өгдөг байсан. Дээрээс нь би хүүхдээ хараад улам их урам зориг ордог байсан. “Ээж нь илүү гоё болно” гээд л үргэлжлүүлдэг байсан.

-Гэсэн ч шантарч байсан уу?

-Мэдээж байсан. Дундаас нь шантрах, уйлах үе олон байсан. Гэхдээ хүүхдээ тэврээд, элгэндээ наагаад би чадна гэж зориг ордог байсан

-“Төрөлхийн тарган, угаасаа удам” гэх үгс байдаг. Таны хувьд багаасаа бондгор хүүхэд байсан гэсэн. Гэтэл богино хугацаанд турж болдгийг харуулчихлаа. Тэгэхээр төрөлхийн тарган хүн турахгүй гэдэг зүгээр үг байсан байна шүү дээ.

-Яг энэ талаар яримаар санагддаг. Төрөлхийн тарган бол турахгүй гэх ойлголт түгээмэл байдаг. Өөрөө үнэхээр хичээх юм бол турж чадахгүй хүн гэж байхгүй. Би хүмүүсийн хэлдэгчлэн төрөлхийн тарган. Гэтэл бодитоор турчихсан байна. Илүүдэл жин гэдэг зүйл нь ихэвчлэн зохисгүй хооллолтоос л болдог юм байна лээ. Тэгэхээр хичээвэл турахгүй хүн гэж байхгүй.

-Таны өөртөө хийсэн энэхүү өөрчлөлтийн дараа эргэн тойрны хүмүүс нь хэрхэн хүлээж авав?

-Зургаа явуулахаар манай ээж, аав бол гайхдаг байсан. Чи мөн юм уу. “Зургаа янзалчихсан юм биш үү” гэдэг байсан. Би өөрийнхөө турж буй процессыг жингээр үзэхээс илүү толинд зургаа дарж, харьцуулж хардаг байсан. Тэгээд 20 гаруй хоногийн зайтай толинд зургаа аваад харахаар үр дүн нь тодорхой харагддаг байсан юм. Энэ хугацаанд бас турж буй зургаа өөрийнхөө сошиал хаягт байршуулж, маш олон хүн сэтгэлийн дэм өгч орж ирж байсан бол зарим нь өвдчихсөн юм биш үү. Энэ чинь муугийн ер шүү гэхчлэн янз бүрээр л хүлээж авсан. Гэхдээ ихэнх нь гоёор хүлээж авсан. Бас намайг турсан гэдгийг мэдээд хүмүүс зөвлөгөө авах гэж олноороо орж ирж байсан.

-Зөвлөгөө авахыг хүссэн хүмүүст нээлттэй мэдээлэл өгдөг үү?

-Тиймээ. Ажлынхан болон олон эмэгтэйчүүдийн зөвлөгөөгөөр судалгаан дээр суурилсан мэдээлэл зөвлөгөөг өгч эхэлсэн. Одоо харин бүр албан ёсоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.




Өнөөдөр бич өдөр

4 минутын өмнө