АНУ-ын сансрын технологийн SpaceX компани Starship хөлгийг дэлхийн тойрог замаас амжилттай буцаан авчирч, хөөргөсөн талбайн тусгай зориулалтын цамхгийн механик гараар агаарт барьж авсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Учир нь тойрог замд хүрсэн Starship хөлгийг дэлхийд буцаан авчирч, хөөргөх цамхаг дээр барьж авсан түүхэн анхны тохиолдол юм.
ВИДЕО:
Тус компани Starship хөлгийн 15 дахь туршилтын нислэгийг энэ сарын 13 /2026.11.13/-нд АНУ-ын Техас муж дахь Starbase баазаас эхлүүлсэн байна. Нислэгийн үеэр Starship хөлөг пуужингийн эхний шат болох Super Heavy өдөөгчөөс амжилттай салж, дэлхийн тойрог замд хүрчээ. Улмаар хөлөг тойрог замд 14 удаа дэлхийг тойрч, SpaceX компанийн Starlink сүлжээний 26 хиймэл дагуулыг амжилттай байршуулжээ. Үүний дараа өчигдөр /2025.11.14/ дэлхий рүү буцах маневр хийж, хөөргөх цамхаг руу чиглэн ирсэн байна.
Хамгийн онцлох үйл явдал нь Starship хөлөг агаар мандалд дахин нэвтэрсний дараа босоо байрлалд шилжин, хөөргөх цамхгийн хоёр том механик гарын тусламжтайгаар агаарт баригдсан явдал байна. Ингэснээр хөлөг далайд унахгүйгээр анх хөөрсөн талбайдаа бүрэн бүтэн буцаж иржээ.
Харин пуужингийн эхний шат болох Super Heavy өдөөгчийг буцаан барьж авах ажиллагаа амжилтгүй болсон байна. Тодруулбал, өдөөгчийн хөдөлгүүрүүд төлөвлөснөөс эрт унтарч, удирдлагын систем нь буух байрлал зөв биш байгааг илрүүлснээр хөөргөх цамхагт баригдах ажиллагааг цуцалж, Мексикийн булан руу чиглүүлжээ.
SpaceX компанийн хувьд энэхүү туршилт нь пуужингийн хоёр үе шатыг хоёуланг нь дахин ашиглах зорилгодоо хүрэх томоохон алхам болсон байна. Ялангуяа тойрог замд хүрсэн сансрын хөлгийг эхэлсэн цэгт нь буцаан авчирч, механик төхөөрөмжөөр барьж авах технологийг анх удаа амжилттай туршсан нь сансрын нислэгийн зардлыг бууруулах, пуужинг дахин ашиглах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. SpaceX компани цаашид Starship системийг ашиглан сар руу хүн болон ачаа тээвэрлэх, улмаар Ангараг гараг руу нислэг үйлдэх урт хугацааны зорилт тавин ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: CNN