“Аварга тосон” нуурын ашиглалтыг нэг жилийн хугацаатай түр зогсоожээ

“Аварга тосон” нуурын ашиглалтыг нэг жилийн хугацаатай түр зогсоожээ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Аварга тосон” нуур уур амьсгалын өөрчлөлт болон хүний нөлөөллөөс болж ширгэх аюулд өртсөн байна. Нуурын усны түвшин жил ирэх бүрт багасаж буйгаас гадна хэт их бохирджээ.

Тиймээс тус нуурыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглахыг нэг жилээр хориглож өгөхийг нутгийн иргэд сумынхаа удирдлагуудаас хүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус аймгийн удирдлагууд иргэдийн энэхүү саналыг БОАЖЯ-нд уламжилсан бололтой. Учир нь БОАЖЯ-наас Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Аварга тосон” нуурын ашиглалтыг нэг жилийн хугацаатай түр зогсоох шийдвэр гаргажээ. Нөгөөтэйгүүр бохирдолтой газар үйл ажиллагаа явуулах нь тухайн бизнесийн үйл ажиллагаа болоод хүн амын эрүүл мэндэд эрсдэлтэй хэмээгээд нутгийн иргэдийн саналыг яамнаас дэмжсэн байна. Иймд хэрэв иргэд та бүхэн ирэх зун, намрын цагт “Аварга тосон” нуурыг зорьж, амарж, зугаалахаар төлөвлөсөн бол тус төлөвлөгөөгөө өөрчлөхийг зөвлөж байна.