Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр /2024.05.13/ боллоо. Хурлаар улс орны эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр, мөнгөний бодлогын хүүг бууруулахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг тайлбарлав. Үүнд инфляцын түвшин голлон нөлөөлжээ. Жилийн инфляц энэ оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 6.4 хувь, нийслэлд 6.1 хувьтай гарав. Импортын бараа, бүтээгдэхүүний инфляц саарах хандлагатай, үргэлжилж байна. Зэрэгцээд дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжиж байна. Ингэснээр инфляц буурч байгаа гэлээ.