Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, маргааш буюу 31-нд өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 2, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.