Удахгүй улс төрийн хүчнүүд дотоод хурлаараа зарлаж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх үү, хэнийг жагсаалтад оруулах уу гэдгээ тодорхой болгоно. Намуудын хувьд жендерийн тэгш байдал, салбар бүрийн төлөөллийг хангасан байдлаар сонгуульд нэр дэвшилтийг тодруулна. Ингэхдээ эрдэмтэн, судлаач, намын гишүүдээсээ санал авах нь мэдээж.
Нийгмийн хүрээнд улс төрд дуучид, жүжигчид, бөхчүүд гэхээс илүү эрдэмтэд, судлаачид, инженерүүдийг төрд илүүтэйгээр оруулбал улсын хөгжил, бодлогод эерэг өөрчлөлтүүдийг бий болгоно гэж үздэг. Тэр дундаа эрдэмтийг илүүтэйгээр улс төр оруулж, төрийн бодлого боловсруулахад ашигллах шаардлага ч гэдэг. Нөгөөтэйгүүр бага орлоготой орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.5 орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг аж. Өндөр хөгжилтэй орнууд гурав орчим хувийг зарцуулдаг нь улс орнуудын хувьд хөгжлийн ялгаа бий болгох голлох шалтгаануудын нэг гэж үздэг байна. Өнөөдөр манай улс бага орлоготой орнуудын зарцуулдгаас ч бага төсөв шинжлэх ухаанд зарцуулж байгааг эрдэмтэд дор бүрнээ шүүмжилдэг.
Нөгөө талаасаа эрдэмтэдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд хангалтай биш байгаа нь дээрх сөрөг нөлөөллийг бий болгож байна ч гэж үздэг байна. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эрдэмтэн судлаач, технократуудыг оруулж судалгаа шинжилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалтад тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх болон татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлбэл хөгжлийн шинэ эринг авч ирнэ гэж зарим эрдэмтэд тодорхойлжээ. Түүнчлэн улс орнуудын хөгжлийг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь эрчим хүч байдаг.
Монгол Улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө импортын хамаарлаас ангижирч, экспортлогч орон болгохын тулд атомын цахилгаан станц, усан цахилгаан станц, нарны цахилгаан станц, салхины цахилгаан станц зэрэг цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг өргөтгөх, түүнчлэн уул уурхайн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шинжлэх ухаанч, өндөр технологийн гүрэн болоход эрдэмтэд, судлаачдын нөлөөлөл, төлөөлөл хамгийн чухал. Тэр утгаараа энэхүү салбарт хэдийн танигдсан физикч Норовын Тэгшбаяр докторыг Монголын шинжлэх ухааны нэр бүхий эрдэмтэд намын жагсаалтад оруулж өгөхийг дэмжин гарын үсэг цуглуулжээ. Тухайлбал Физикч, Монгол Улсын гавьяат багш, Математик-Физикийн ШУ-ны доктор Х.Цоохүү, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн шагналт,Чингис хаан одонт Х.Намсрай, Монгол Улсын гавьяат багш, Математикийн ШУ-ны доктор Ч.Дашдорж, Академич, профессор Ж.Даваасамбуу, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Академич Ц.Баатар нарын зэрэг тавь гаруй эрдэмтэд гарын үсэг цуглуулж, улмаар энэхүү хүсэлтээ Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт гардуулан өгсөн байна. Жагсаалт оруулахдаа сонгогдох магадлалтай дараалалд физикч Норовын Тэгшбаярыг багтаах, мөн Монгол Улсын Их Хуралд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэхийг давхар уриалж байгаа илэрхийлсэн байна.