“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг өчигдөр /2024.05.15/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар сулласан. Харин прокуророос Р.Базарааг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, түүнийг сулласан шүүгчийн захирамжид гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Улмаар прокурорын уг гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш буюу тавдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр товлосон юм. Тэгвэл яллагдагч Б.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг Шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Базарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэж...” болзошгүй үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих саналыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүх прокуророос гаргасан санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцаад яллагдагч Б.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Мөн тус шүүхийн яллагдагч Б.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ерөнхий шүүгчийн захирамж хуулийн хүчинтэй байх тул прокурорын саналаас татгалзаж шийдвэрлэв.