Бохирын худагт дахин боловсруулсан хаягдал масло асгаж, Улаанбаатарт химийн үнэр тархаасан компанийг ирэх Лхагва гарагт шүүнэ

Бохирын худагт дахин боловсруулсан хаягдал масло асгаж, Улаанбаатарт химийн үнэр тархаасан компанийг ирэх Лхагва гарагт шүүнэ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-13 /2023.10.12-13/-нд шилжих шөнө Улаанбаатар хотод хаанаас, юу нь үл мэдэгдэх химийн үнэр тархаж, олны анхаарлыг татсан.

Улмаар цагдаа болон мэргэжлийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай хаягдал тос, маслыгдахин боловруулж, дизель түлш гарган авах үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК-ийн жолооч С.Лхагвабаяр гэгч нь үйлдвэрээсээ 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло ачиж, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах бохирын худагт асгасан болох нь тогтоогдсон байдаг.

Улмаар Экологийн цагдаагийн албанаас уг хэргийг шалгаж, прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх лхагва гарагт буюу тавдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.  Улаанбаатар хотын бохирын төв шугамд  үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг асгасан тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

"Эрүүгийн тухай" хуулийн 20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях 1-д

"Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заажээ. 




Өнөөдөр бич өдөр

10 цагийн өмнө