Монголын нутгаар дамжина гэх "Сибирийн хүч-2" хийн хоолойг Хятад дэмжиж, 2025 онд эхлүүлж магадгүй гэж Оросын хэвлэл мэдээлжээ

Монголын нутгаар дамжина гэх "Сибирийн хүч-2" хийн хоолойг Хятад дэмжиж, 2025 онд эхлүүлж магадгүй гэж Оросын хэвлэл мэдээлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийлээ. Энэ үеэр олон асуудал яригдсаны нэг нь “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл байсан талаар ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг болох “ТАСС” мэдээлжээ.

-"СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙ ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАЙРУУЛАХЫН ТУЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙВ- 

Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах, барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байгаа. Тэрээр Украины дайн эхлэхийн өмнөхөн /2022.01.25/ ОХУ-ын “Газпром” компанитай хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэсэн тухай “тэмдэглэл”-д гарын үсэг зурсан юм.

Сонирхуулахад, “Сибирийн хүч-2” хэмээх төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх төсөл юм. Харин тус хийн хоолойг газар нутгаараа дамжуулсны төлбөрт Монгол Улс ОХУ-ын “Газпром” компаниас олон тэрбум ам.долларын төлбөр авах ёстой.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хурлын үеэр Монгол, Хятад, Оросын гурван талт уулзалтад оролцож Хятадын дарга Ши Жиньпинд хандаж “ОХУ, Монгол улс уг төслийн талаар идэвхтэй харилцаж байгаа” талаараа ярьсан байдаг.

Харин нөгөө талд Орос, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед ОХУ-ын хий хоолой /Сибирийн хүч-2/ Монгол Улсын газар нутгаар дамжсан тохиолдолд аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх бол гэдэг нь зарим иргэдэд эргэлзээ төрүүлээд буй. Магадгүй ОХУ хий хоолойгоо хамгаалах нэрийдлээр манай улс руу цэргээ оруулах юм биш гэх хардлага, болгоомжлол ч байгаа юм. 

-"СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙН ХООЛОЙГ БАРИХ ЭСЭХИЙГ ОРОС БИШ ХЯТАД ШИЙДЭХ БА "БҮС БА ЗАМ" ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЯТАД ҮГҮЙСГЭСЭН БАЙДАГ-

Үнэн хэрэгтэй, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг ОХУ биш БНХАУ шийдэх ба одоог хүртэл тус хий хоолой нь Хятадад хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байсаар ирсэн. Тодруулбал, 60 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хий хоолой 2019 онд ашиглалтад орсон ч, 2020 оноос эхлэн Хятад улс Оросоос авах хийн хэмжээгээ эрс багасаад байсан.

Учир нь Хятад улс Оросоос хий авахгүй байсан ч байгалийн хийн хомстолд орохгүй. Тус улс нь өөрийн хийн олборлолт болон АНУ, Катар, Алжир, Казахстанаас их хэмжээний байгалийн хий авч байгаа юм. Нөгөө талаар “Сибирийн хүч-1” хийн хоолой нь зөвхөн Хятадад ашигтай хийгдсэн бөгөөд тус хоолойгоос салбарлаад өөр улсад хий нийлүүлэх боломжгүй. Мөн Хятадууд Оросоос хий авахгүй гэвэл “Сибирийн хүч-1” хоолой төмрийн хог болох тул ОХУ өөрийн хийн үнээ ч тус улсад тулгах ямар ч боломжгүй байгаа гэдэг.

Түүнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард болсон "Бүс ба зам" дээд хэмжээний уулзалтын үеэр "Ши Жиньпин Оросын байгалийн хийн шинэ гэрээг дахин үгүйсгэлээ” гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.

-ЭНЭ ОНД ОРОСООС ХЯТАДАД НИЙЛҮҮЛЭХ ХИЙ ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР "СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЖЭЭ-

Тэгвэл энэ оны 1-4 дүгээр сард Хятад улс Оросоос шингэрүүлсэн хийн импортоо 2.4 сая тонн болгон нэмэгдүүлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.2%-иар өсгөсөн байна. Энэ нь БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас харагдаж байгаа юм. Хятадын гаалийн мэдээлснээр, Оросоос БНХАУ-д нийлүүлэх "Сибирийн хүч" хийн хоолойгоор дамжуулан нийлүүлэх зардал 1-4-р сард 8.2% -иар өсч, 2.5 тэрбум долларт хүрч, БНХАУ-д нийлүүлэгчдийн дунд 2-р байранд оржээ.

Түүнчлэн 2023 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн хийн экспорт өмнөх оныхоос 61.7%-иар өсч, 6.4 тэрбум ам.долларт хүргэсэн ба өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Газпром 2023 онд "Сибирийн хүч" хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ 1.5 дахин өсгөснөө зарлаад байв.

Тэгвэл "Сибирийн хүч" хийн хоолой нь 38 тэрбум шоо метр хий зөөвөрлөх хүчин чадалтай бөгөөд 2025 онд "Газпром"-ын Хятадад экспортлох нийт хийн хэмжээ 48 тэрбум шоо метр болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Иймд “Сибирийн хүч-2” төсөл амжилттай хэрэгжвэл Монголоор дамжин өнгөрөх дамжуулах хоолойгоор бараг 100 тэрбум шоо метр хийг жил бүр Оросоос Хятадад нийлүүлэх боломжтой талаар айлчлалын үеэр хэлэлцжээ.

Эх сурвалж: ТАСС