“Дүнжингарав” худалдааны төвийн дөрвөн замын уулзварын орчимд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ ээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөн ослын улмаас дэлбэрэлт болж, олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохироод байгаа.
Уг хэргийн галын дүгнэлт эцэслэн гараагүй байгаа бөгөөд уг хэрэгт холбоотойгоор одоогоор хэн нэгнийг яллагдагчаар татаагүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, осол болсон өдөр автомашин жолоодож явсан "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, БХЯ-ны автомашин Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл тухайн хүмүүсийг одоогоор яллагдагчаар татаагүй байна. Харин цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус осолтой холбоотойгоор олон төрлийн шинжээчийн дүгнэлт гарах ёстой бөгөөд тэдгээр нь эцэслэн гараагүй байгаа учир хэн нэгнийг яллагдагчаар татаагүй, харин сэжигтэн, гэрчээр байцаан тайлбар мэдүүлэг авч байгаа гэх мэдээлэл байна. Харин уг ослын хохирогчид "Бусдын хариуцлагагүй, төр засгийн алдаатай бодлого, шийдвэрийн горыг жирийн ард иргэд амсаж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Хохирсон иргэдэд 10 сая төгрөг өгсөн болоод асуудлыг мартуулж, олны анхаарлаас гаргаж байна. Хууль хүчний байгууллага эл хэргийг шуурхай шийдвэрлэж, иргэдийн хохирлыг яаралтай барагдуулж өгөх хэрэгтэй байна" хэмээж байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, Улсын ерөнхий прокурорын газраас “Дүнжингарав” худалдааны төвийн зам гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулаад байгаа. Тус ажлын хэсгээс галын улмаас гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод байгаа талаар мэдээлсэн. Харин иргэдэд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаарх мэдээллийг одоогоор өгөөгүй байна.