“Сейфтэй мөнгө айлд тавьж, 245 мянган юань алдсан” хэмээж, авлигын хэргээр шалгуулж байсан Н.Хүрэлбаатар Сонгинохайрханд МАН-аас нэр дэвших эрхээ авлаа

“Сейфтэй мөнгө айлд тавьж, 245 мянган юань алдсан” хэмээж, авлигын хэргээр шалгуулж байсан Н.Хүрэлбаатар Сонгинохайрханд МАН-аас нэр дэвших эрхээ авлаа

Улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ энэ сарын 20-ны өдөр тодруулаад байгаа. Нэр дэвшигчдийг олон нийт өөр өөрийнхөөрөө дүгнэж, сайшаах, буруушаах нь энэ тэнцүү байна. Тэгвэл бид нэр дэвшигчдийн хэн нь ямар хэрэгт холбогдож байсан, тухайн хэрэг нь хэрхэн шийдэгдэж байв гэдгийг эргэн сануулж, энэ талаарх мэдээллийг цувралаар мэдээлж байна.

-"ОЛОН САЯ ТӨГРӨГТЭЙ ТӨМӨР ШҮҮГЭЭГ ААВ МАНАЙД ТАВЬСАН" ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙЖЭЭ-

Энэ удаагийнхаа дугаар УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхээ аваад буй Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг онцолж байна. Учир нь тэрбээр Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа сейфтэй юанийн хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байсан нэгэн.

Тодруулбал, одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 оны хавар Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, “Рапид харш” хотхоны орон сууцнаас төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Улмаар төмөр шүүгээг онгойлгож чадалгүй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаясан байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн олж, тогтоон төмөр шүүгээг онгойлгоход дотроос нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарсан байна.

Энэ талаар Н.Хүрэлбаатарын хүү Энхбат хуулийн байгууллагад мэдүүлэхдээ “Энэ төмөр шүүгээг аав манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарлаж байсан аж. 

Тиймээс тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн  Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т шалгаж эхэлсэн байна. Гэсэн ч энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарч яваад хэсэг хугацааны дараа эх орондоо ирмэгц нь цагдаагийнхан баривчилж цагдан хорьсон юм. Улмаар УМБГ-аас хэргийг харьялалын дагуу АТГ-т шилжүүлсэн ч тэгэсхийгээд эл хэрэг намжиж, олны анхаарлаас гарсан юм. 

Тэрбээр уг мөнгөний талаар “Энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан”, “Ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” гэгчлэнгээр мэдүүлж байсан гэдгийг тухайн үеийн хэвлэлүүдээр бичиж байсан байдаг.

Гэсэн ч эцэстээ тэрбээр уг мөнгийг "Стандарт групп, “Чингисхаан” банкны хувьцаа эзэмшигч баз Д.Батаатай нь холбоотой, хамтарч хийх бизнесийн мөнгө байсан" хэмээн мэдүүлснээр хэрэг нь хаагдсан гэгдэг.

Ямартай ч олон мянган юанитай сейфний хэрэгт холбогдож байсан тэрбээр хамгийн сүүлд АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болоод байна.