СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүд скүүтэр унаж яваад осолдож хүнд гэмтэж хагалгаанд орох, мөн бусдыг дайрч гэмтээх нь эрс нэмэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүд скүүтэр унаж яваад осолдож хүнд гэмтэж хагалгаанд орох, мөн бусдыг дайрч гэмтээх нь эрс нэмэгджээ

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд цахилгаан дугуй, скүүтэр зэргийг ихээр унаж, хэрэглэх болсон. Гэвч манай улсад эдгээр тээврийн хэрэгслүүдэд зориулсан зориулалтын зам байхгүй учраас иргэд автомашин болон явган хүний замаар явж байх үедээ осол, аваарт өртөх тохиолдол ихэсчээ.

ГССҮТ-өөс мэдээлснээр,  2022 онд нийт 153 мянган хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас скүүтер, цахилгаан болон суррон дугуйнаас үүдэлтэй бэртэл гэмтэл 96 тохиолдол, 2023 онд нийт 168 мянган хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас скүүтер, цахилгаан болон суррон дугуйнаас үүдэлтэй бэртэл гэмтэл 229 тохиолдол, 2024 оны эхний таван сарын байдлаар скүүтер, цахилгаан болон суррон дугуйнаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 72 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

ВИДЕО: 

-СКҮҮТЭР, ЦАХИЛГААН ДУГУЙ ЗЭРГЭЭС ҮҮДЭН ИРГЭД ТАРХИНЫ ДОРГИЛТ, ДЭЭД БОЛОН ДООД МӨЧДИЙН ГЭМТЭЛ БОЛОН ХЭВЛИЙН ГЭМТЭЛ ИХ АВЧ БАЙНА-

Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Даваабаяр “Иргэд сүүлийн үед скүүтэр, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслүүдийг ихээр хэрэглэх болсон байна. Ингэхдээ ямар ч насны хязгааргүй, хамгаалах хэрэгсэлгүй автомашин болон дугуйн замаар сүлжилдэн явж байгаад осол аваарт өртөж, бэртэж, гэмтэх тохиолдол их гарч байна.

Мөн хоёр гурваараа сундалдаж яваад давхарладаж унах, явган хүний гарцаар гарч байгаа хүнийг дайрч унагаах гэх мэт тохиолдлууд ч байна. Цаашлаад нэгнээ хүнд гэмтээж, хагалгаанд орох тохиолдлууд ч гарч байна. Скүүтэр, дугуй зэргээс үүдэн тархи толгойгоо доргиох, дээд, доод мөчдийн гэмтэл мөн хэвлийн гэмтэл авах тохиолдлууд их гарч, манай эмнэлэг дээр ирж байна л даа. Мөн иргэдийн хувьд өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг огт хангахгүй, тус тээврийн хэрэгслүүдийг зүй зохистой хэрхэн ашиглах талаар мэдлэг дутмаг байх шиг байна. Тиймээс энэ талаар иргэдэд анхааруулж, мэдээлэл түгээх, хяналт тавих нь чухал гэж бодож байна” гэв.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР УНАДАГ ДУГУЙ, СКҮҮТЭРТЭЙ ЯВЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЯВГАН ЗОРЧИГЧ ДАВУУ ЭРХТЭЙ-

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд “14 нас хүрсэн иргэн дугуй, скүүтер, мопид зэрэг тээврийн хэрэгслээр нийтийн хэрэгцээний замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Ингэхдээ;

  • Зорчих хэсгийн баруун гар талаар хөдөлгөөнд оролцох,
  • Дээрх тээврийн хэрэгслүүдийг 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах
  • Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буун унадаг дугуй болон скүүтерээ түрж, явган зорчигчийн адил гарах ёстой гэж заасан байдаг.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “цахилгаан скүүтерийг ашиглахдаа зөвхөн унадаг дугуйн болон явган хүний замаар хөдөлгөөнд оролцох ба явган зорчигчийг мөргөж гэмтээсэн тохиолдолд 14-өөс доош насных бол эцэг, эх асран хамгаалагч нь хуульд заасны дагуу тухайн иргэнд учирсан хохирлыг барагдуулна. Зөрчлийн тухай хуулиар зөрчилд хариуцлага хүлээлгэх иргэн буюу 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүнд тооцогдоно. Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтэртэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй” гэдгийг анхрааруулж байгаа юм.

-“JET” СКҮҮТЭР ӨНДӨР ҮНЭТЭЙГЭЭС ГАДНА БҮРЭН БҮТЭН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙГЭЭС ИРГЭД УНАЖ ЯВААД ГЭМТЭЖ, БЭРТЭХ ТОХИОЛДЛУУД ГАРЧЭЭ-

Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс скүүтерийг зориулалтын бус байдлаар ашиглан хоёр, гурваараа сундалдах, бага насны хүүхдээ скүүтерээр тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцох цаашлаад замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд скүүтер унан зам тээврийн осолд өртөх нь ихэссэн талаар холбогдох байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэд ихээр хэрэглэдэг “Jet sharing Mongolia” байгууллагын скүүтэрүүд өндөр үнэтэй, зориулалтын зам байхгүй учраас явахад хүндрэлтэй мөн эвдрэл, гэмтэл үүссэнийг нь мэдэлгүй унаж яваад бэртэж гэмтсэн талаараа иргэд ярьж байгаа юм. Тиймээс тус байгууллагын зүгээс скүүтэрүүддээ аюулгүй байдлын талаарх заавар, зөвлөмжийг байршуулах, пейж хуудсаараа дамжуулан мэдээлэл түгээх, гудамжинд байрлуулж байгаа скүүтэрүүдийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдалд тогтмол хяналт тавих шаардлагатай байна.




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө