"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд болно.
Өмнөх шүүх хурал яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хойшилсон. Тухайлбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий 9 яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг энэ сарын 27-ний өдөр хүртэл түр хугацаагаар хойшлуулсан билээ.
Хөвсгөл аймагт дөрөвдүгээр сард зохион байгуулсан шүүх хуралд улсын яллагч цахимаар гурав, шинжээч цахимаар нэг, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн нэг, хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч оролцосон талаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлсэн.
Хэргийг нэхэн сануулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213 тэрбум төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45 тэрбум 491 сая 459 мянга 600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.