CNN:  БНАСАУ-ын “цаазлуулсан” гэгдэх дипломат амьд, гэхдээ хоригдож байгаа

CNN: БНАСАУ-ын “цаазлуулсан” гэгдэх дипломат амьд, гэхдээ хоригдож байгаа

Саяхан Өмнөд Солонгосын Чусон Ильбо сонинд “цаазлуулсан” гэж мэдээлж байсан БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн АНУ-тай харилцах бодлогыг хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль амьд, гэхдээ хоригдож байгаа гэнэ. Энэ талаар CNN агентлаг хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллийг үндэслэн дээрх мэдээллийг дамжууллаа. CNN агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сард Ханой хотноо болсон БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнд Ким Хёк Чоль ямар буруутай болохыг Хойд Солонгосын мөрдөн байцаах албаныхан тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

CNN-д мэдээлэл өгсөн нэгэн эх сурвалж ярихдаа “дипломатыг хэрхэн нь тодорхойгүй, гэхдээ “ноцтой шийтгэл” оногдуулж болзошгүй” гэжээ.

Түүнчлэн БНАСАУ-ын тэргүүний орчуулагч Ким Сонг Хе мөн хоригдож байгаа бөгөөд түүний эсрэг мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм байна. Чусон Ильбо сонины мэдээллээр, “цөлөгдсөн” хүмүүсийн тоонд багтсан Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль үнэн хэрэгтээ цөлөгдөөгүй, гэхдээ эрх мэдлээ бүрэн алдсан гэж CNN дамжууллаа.

Эргэн сануулахад, тавдугаар сарын сүүлээр, Өмнөд Солонгосын Чусон Ильбо сонин АНУ-тай хийх хэлэлцээрийг хариуцсан Ким Ён Чоль албан тушаалаасаа халагдаж цөлөгдсөн, харин Ханойн дээд хэмжээний уулзалтыг бэлдсэн дөрвөн дипломат түүнчлэн АНУ-тай харилцах бодлогын тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль нар цаазлуулсан хэмээн мэдээлж байлаа.

Түүнчлэн БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон АНУ-тай хийсэн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсний төлөө гэрийн хорионд орсон гэж мэдээлж байсан юм. Харин зургаадугаар сарын гуравны өдөр Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дээрх нэр бүхий хүмүүс БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хамт тоглолт үзсэн талаарх мэдээлэл, үүнийг батлах гэрэл зургуудыг нийтлэж байв.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө