ШУУРХАЙ: Монголд ирсэн БНСУ-ын жуулчны 1400 ам.долларыг хуурамч доллароор сольсон хэрэг "Зочид буудал"-д нь гарч, тус улсын ГХЯ-наас манай талд ханджээ

ШУУРХАЙ: Монголд ирсэн БНСУ-ын жуулчны 1400 ам.долларыг хуурамч доллароор сольсон хэрэг "Зочид буудал"-д нь гарч, тус улсын ГХЯ-наас манай талд ханджээ

Саяхан манай улсад аялахаар ирсэн БНСУ-ын иргэний цүнхэндээ авч явсан ам.долларыг хуурамч доллароор сольсон хэрэг гарсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өчигдөр /2024.06.07/ мэдээлжээ.

Тодруулбал,  Монголд аялахаар ирсэн БНСУ-ын иргэн Улаанбаатар хотын “Б” гэх нэртэй зочид буудалд байрласан байна. Ингэхдээ өөрийн авч явсан 1400 ам.долларыг цүнхэндээ хийж, буудалдаа түр үлдээгээд явах хооронд цүнхэн дэх тус ам.долларын дэвсгэртийг нь хуурамч долларын дэвсгэртээр сольсон байжээ. Улмаар БНСУ-ын иргэн тэр даруй цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн аж. Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгахад Улаанбаатар хотод байрлах нэр бүхий нэг зочид будалд л энэ төрийн хэрэг үйлдэгдэж байгааг тогтоосон байна. Учир нь тус буудалд өмнө нь энэ төрлийн хэргийн хохирогч болсон хэд хэдэн солонгос иргэд байсан талаар БНСУ-ын CBS Nocut News телевиз мэдээлжээ. 

-"COPY" ГЭСЭН БИЧИГТЭЙ 100 ДОЛЛАРЫН ХУУРАМЧ ДЭВСГЭРТЭЭР СОЛЬСОН БАЙЖ ХЭМЭЭН МЭДЭЭЛЖЭЭ-

CBS Nocut News телевизийн мэдээлснээр, "Өмнөд солонгосын жуулчид Улаанбаатар хотод түр байрласан буудалдаа ачаа тээшээ орхиж, ойр орчмын газруудаар аялах хугацаанд нь хэрэгтэн өрөөнд нь сэмхэн орж, цүнх, хэтэвчинд нь байсан ам.долларыг хуурамч доллароор сольсон гэж таамаглаж байгаа аж. Хохирогч А тэргүүтэй Солонгос жуулчид бүгд Улаанбаатар хотод алдартай “Б” гэх зочид буудалд байрлаж байгаад дээрх гэмт хэргийн хохирогч болсон байна.

Тодруулбал, Өмнөд Солонгосын иргэн А-аас 1400 ам.доллартай тэнцэх 100 долларын дэвсгэртүүдийг нь хулгайлж, хуурамч дэвсгэртээр сольсон байна. Үүнийг нь хохирогч банканд бэлэн мөнгөө солиулах үедээ мэджээ. Иймд сэжигтнүүд зөвхөн 100 долларын дэвсгэртийг л хуурамчаар үйлдэж, түүнийгээ сольдог хэмээн таамаглаж байгаа аж.

Дээрх хэргийн шалгалтын явцад уг хуурамч доллар нь "COPY" гэсэн бичигтэй 14 ширхэг хуурамч 100 долларын дэвсгэрт байсан ба хэмжээ, зузаанаараа жинхэнэ доллароос ялгаагүй ч бүгд ижил серийн дугаартай байсныг тогтоосон байна" гэж мэдээлжээ.

Хэрэгтний сольсон байсан "Copy" гэх бичигтэй хуурамч 100 долларын дэвсгэрт

-БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР УГ ХЭРГИЙГ МЭДЭЖ, МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧДААС ШУУРХАЙ ШАЛГАЖ ӨГӨХИЙГ ХҮСЧЭЭ-

Одоогоор Солонгос иргэн А-аас гадна “Б” зочид буудалд байрласан Солонгос жуулчид ч мөн адил хохирол амссан нь тогтоогдсон бөгөөд цөөн тооны хохирогч байгаа ч мөрдөн байцаалтын явцад  хохирогч нэмэгдэж магадгүй байгаа аж. Харин цагдаагийн байгууллагаас "Б" зочид буудлын дотоод ажилтнуудын нэг нь уг хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа бөгөөд уг хэргийг БНСУ-ын Засгийн газраас шуурхай шалгаж өгөх хүсэлтийг манай улсын хууль сахиулах байгууллагад ирүүлжээ.

Энэ талаар БНСУ-ын ГХЯ-ны албаны хүн хэлэхдээ, “Бид нөхцөл байдлыг мэдэж байгаа тул консулын тусламж үзүүлэхийн зэрэгцээ Монголын эрх баригчдаас шуурхай шалгаж өгөхийг хүссэн” гэжээ.

Тэгвэл бид БНСУ-ын хэвлэлүүдэд гараад буй энэхүү хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Гаднын улсын иргэн мөнгөө алдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

Эх сурвалж: БНСУ-ын CBS Nocut news




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө