Гэрэл зурагчин Ч.Ганбат "Дэлхийд III байр" эзэлжээ

Гэрэл зурагчин Ч.Ганбат "Дэлхийд III байр" эзэлжээ

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д Монголын спортын гэрэл зурагчин Ч.Ганбат гуравдугаар байр эзэлж бахархам амжилт гаргалаа. Тус тэмцээнд дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчид нийт 1746 шилдэг гэрэл зургаараа өрсөлдсөн байна.

Харин гэрэл зурагчин Ч.Ганбат “Спортын гайхамшигт агшин” төрөлд уурга шүүрч буй адуучны гэрэл зургаараа өрсөлдөж ийнхүү гуравдугаар байр эзэлсэн юм байна.

Шагналыг өчигдөр (2020.02.03) Унгарын Будапешт хотноо Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83-р Их хурлын үеэр гардуулсан бөгөөд нэгдүгээр байранд Колумбын тамирчин Жуан Арболеда, хоёрдугаар байранд Хятадын гэрэл зурагчин Зуан Вугийн бүтээл шалгарчээ. Тэмцээний бүтээлүүдийг одоогоор албан ёсоор нийтэд дэлгээгүй байгаа юм байна.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа бөгөөд өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Тэрбээр мөн Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гранпри (2012) болон Тэргүүн байрын шагнал (2017) тус тус хүртэж байсан юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

49 минутын өмнө