ИРГЭН Э: Х.Нямбаатар дарга эхэлж дээрэнгүй харьцсан, дараа нь бидний хаяагүй хогийг хаясан гэх бичлэг хийсэн нь таагүй санагдсан /ВИДЕО/

ИРГЭН Э: Х.Нямбаатар дарга эхэлж дээрэнгүй харьцсан, дараа нь бидний хаяагүй хогийг хаясан гэх бичлэг хийсэн нь таагүй санагдсан /ВИДЕО/

Энэ сарын 11–нд Хотын дарга Х.Нямбаатар зуслангийн бүс буюу Чингэлтэй дүүргийн 24-р хороо "Шарга морьт" орчимд ажилласан. Ингэхдээ замын хажууд хогоо хаяж буй иргэнтэй таарч, үл ойлголцож буй бичлэгээ цахим орчинд цацсан. Харин иргэдийн зүгээс түүнийг "тухайн иргэний дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй авч, настай хүмүүст хүндэтгэлгүй хандлаа" хэмээн зарим иргэд шүүмжилж буй. Тэгвэл бид энэ удаагийнхаа сурвалжлагаар тус дүүргийг зорьж, зуслангийн бүсийн хог хаягдлын цэгийн талаарх асуудлыг хөндөж, Хотын дарга Х.Нямбаатартай тааламжгүй харилцаа үүсгэсэн иргэн Э-тэй холбогдлоо. 

ВИДЕО: 

-ЗУСЛАНГИЙН БҮСЭД ХОГИЙН ЦЭГ ХОМСДОЛТОЙ БАЙДАГ УЧРААС ИРГЭД ХОГОО ХАЯХ ГЭЖ ХОЛ ЯВДАГ НЬ ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ ГЭВ-

Бидний анзаарснаар Шаргаморьтын зуслангийн 1-р буудлаас эцсийн буудал хүртэлх замд хогийн цэг тааралдсангүй. Харин замын хажуу талаарх хэд хэдэн газарт иргэд хогоо ил задгай овоолцгоожээ.  Замын хажуу хэсэгт хогоо хаяж буй иргэнээс хогийн цэгийн талаар тодруулахад “Энэ хавьд хогийн цэгний асуудал маш хүндрэлтэй, 3-4 км явж байж хогоо хаядаг. Миний хувьд шуудай хогоо бариад тэр хол явж чаддагүй. Хог ачилтын машин иртэл хогнуудаа хаалга хэсэгтээ тавьдаг ч хүмүүс хогийн цэг гэж бодоод хогнуудаа авчираад хаячихдаг. Тэгээд арай гэж хог ачилтын машин ирэхэд нь заавал “хүүе хаая энд хог байна” гэж хэлэхгүй л бол  орхиод явчихдаг. Ер нь хогны асуудал маш хүндрэлтэй байдаг” гэв. Харин өөр нэг иргэн “иргэдийн хувьд бас ухамсаргүй хогоо хамаагүй хаядаг. Ойр ойрхон төвлөрсөн хогийн цэгийг байрлуулчихвал илүү дээр болох байх гэж бодож байна” гэсэн юм.

-ТЭР ӨДӨР Х.НЯМБААТАР ДАРГА ШУУД ЗУРАГ, ЗУРАГ БИЧЛЭГ АВЧ ЭХЛЭН “ХӨӨЕ ЧИ НААШАА ХАР” ГЭХ МЭТЭЭР ЗАНДРАНГУЙ ХАРЬЦСАН-

Бид хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатартай үл ойлголцсон иргэн Э-тэй холбогдож үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад “ Манайх энд нүүж ирээд удаагүй. Хөрш айлаасаа хогоо хаана хаядаг талаар асуухад “зам дээр тавьчихдаг, тэгэхээр машин ирээд аччихдаг” гэж хэлсэн. Тухайн өдөр тэгээд зам дээр тавьтал Х.Нямбаатар дарга шууд гарж ирээд бичлэг хийгээд “хөөе чи наашаа хар” гээд дээрэнгүй харьцаж эхэлсэн. Зураг, бичлэгээ боль гэж хэлтэл өөдөөс “чи” гэх мэт хүндэтгэлгүй хандаж, та нар шиг хүмүүс гэх мэт үгсээр хэлсэн. Тийм зүйл болсны дараа бид хогоо авж яваад хогийн цэг дээр хаясан. Гэтэл дараа нь бичлэг хийгээд “нөгөө хүмүүс энд авчраад хогоо хаячихаж” гэх утгатай бичлэг хийсэн байсан нь таагүй санагдсан. Бид дахиад тэнд хогоо хаяагүй” гэх байр суурь илэрхийллээ.

Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.  Ингэхдээ дүүрэг бүрт зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, зуслангийн бүсийн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийдэг байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгж нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх аж ахуйн нэгжид хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг ч урин дулааны цаг ирж иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хог хаясан иргэнийг 10 мянгаар торгодгийг нэмэгдүүлж, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болох талаар мэдээлээд байна.