Н.Сарантуяа: Би зургаан настайгаасаа ундаа зарж эхэлсэн. Эхэндээ ичдэг байсан ч сургалтын төлбөрөө өөрөө төлж байгаадаа бахархдаг

Н.Сарантуяа: Би зургаан настайгаасаа ундаа зарж эхэлсэн. Эхэндээ ичдэг байсан ч сургалтын төлбөрөө өөрөө төлж байгаадаа бахархдаг

Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голж болохгүй гэж ярьдаг. Гэтэл ажлыг голж, шилж, аль болох өөрт амархан ажлыг хийх гэж зүтгэдэг залуус олон. Үүний хажуугаар хичээл зүтгэл, хөдөлмөр гаргаж, өөрийн хүчээр бүхнийг болгох гэж, юм сурч, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг мундаг залуус олон бий. Тэдний нэг болох Н. Сарантуяа охин зуны амралтаараа олон төрлийн ажил хийж, тэр дундаа наадмын талбайд ундаа зарж, сургалтынхаа төлбөрийг олдог нэгэн юм.

ВИДЕО:

Түүний хувьд СУИС-д Хөгжмийн багш мэргэжлээр суралцдаг. Зун болгон олон төрлийн ажил хийж сургуулийн төлбөр болон, өөрийгөө хөгжүүлэх сургалтуудынхаа төлбөрийг олдог нэгэн. Анх түүний наадмын талбай дээр ундаа зарж байгаа талаарх пост олон нийтэд хүрч, олон ч залууст урам зориг, ажиллах хүч болж өгсөн гэхэд хийлсдэхгүй болов уу. Өнгөрсөн жил ундаа зарж байсан бол тэрбээр энэ жил жуулчны баазад зөөгч, ятганы үзүүлбэр үзүүлдэг хөгжимчнөөр ажиллаж байна. “Залуус ажил голоод эсвэл залхуураад байдаг юм шиг санагддаг. Миний хувьд өөрийнхөө мөрөөдлийн төлөө л энд ажиллаж, өөрийн зорьсон зорилгоо биелүүлэх гээд явж байгаа учраас энд, тэнд ажилладагаасаа огт ичдэггүй. Залуус ажил голохгүй хийдэг, өөрийгөө тултал хөгжүүлдэг байгаасай” хэмээн ярих түүнээс залуу хүний урам зориг, мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэл харагдана. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Өнгөрсөн зуны амралтаараа ундаа зарж, сургуулийнхаа төлбөрийг олсон гэж байсан шүү дээ. Тэр талаараа ярихгүй юу. Мөн энэ жил ямар ажил хийж байна вэ?

-Энэ зуны амралтаараа гадаадын жуулчдад өв, соёлоо танилцуулаад, хөгжим тоглож үзүүлбэр үзүүлдэг ажил хийж байгаа. Зуны амралтын турш их олон төрлийн ажил хийдэг.

Өнгөрсөн жил эхний сард нь зуслан дээр багшилсан. Хоёр дахь сар буюу наадмын үеэр наадмууд дамжаад бүтэн нэг сарын хугацаанд ундаагаа зарж сургуулийнхаа төлбөрийг олсон.

-Энэ төрлийн ажил хийж байхад хүмүүсийн эвгүй, таагүй, сөрөг хандлага ажиглагдаж байв уу?

-Ундаа зараад явж байхдаа зарим нэг хүмүүсийн “энэ одоо залуу хүн байж ийм ажил хийгээд байхдаа яадаг байна аа” гэсэн харцтай таарч байсан. Гэхдээ тэр нь олон биш цөөн байсан л даа. Мөн үеийн хүүхдүүд бас таарна. Тэд нар сонин харахаар би өөрөө ч бас “нээрээ юу билээ” гээд ичих зүйл гарна. Өнгөрсөн жил пост бичсэний дараагаас бүх хүмүүс, “ямар мундаг юм бэ, нөгөө охин байна" гээд л бүгд л эерэгээр харж байсан. Тэр чинээгээрээ худалдан авалт ч их хийж, би сургалтынхаа төлбөрийг олж чадсан.

-Мэдээж наадмын талбай дээр ундаа зарна гэхээр залуу хүн, тэр дундаа охин хүүхэд болохоор хэцүү шүү дээ. Бусад хүмүүс ч зарим үед эвгүй хандлага гаргах явдал байсан гэлээ. Тэр бүгд чамд ямар санагддаг вэ. Хэцүү үе байсан уу?

-Би бараг зургаан наснаасаа зуны амралтаараа ундаа зарж эхэлсэн. Жаахан байхдаа ундаа зарахаас ичдэг байлаа. Гэхдээ ичээд байхаар өөрөө хойшоо сууж, тэр хэрээрээ орлого маань багасдаг. Гэхдээ энэ ажлыг хийгээд байхаар яваандаа бусад хүмүүс намайг юу гэж харах нь хамаагүй болчихдог.

Учир нь би энэ зүйлийг хийснээр надад л ашигтай. Би сургалтын төлбөрөө олох гэж байна. Гол нь бусад хүмүүсийн бодлыг анхаарахаа болиод, би өөртөө итгэлтэй, би өөрийнхөө хийж байгаа зүйлд эзэн болоод, энэ зүйл надад хэрэгтэй гэдгийг мэдэрчихсэн байхад нээлттэй, гоё болчихдог. Хүмүүс намайг ингээд бодчихвол яаанаа гэдэг зүйлийг огт бодохгүй байх хэрэгтэй.

-Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голж болохгүй гэх үг байдаг шүү дээ. Уг нь огт голохгүйгээр ажил хийвэл маш олон ажлын байр бий. Тэр ажлуудыг танай үеийнхэн хийхээс ичдэг болов уу?

-Манай үеийнхэн залхуураад байгаа юм шиг санагддаг. Хүмүүс ажил хийхдээ амархан ажил эсвэл өөрийгөө аль болох ядраахгүй ажил хайгаад байдаг. Мөн маш хурдан шантардаг. Жишээлбэл би багш хийж байхдаа тэр хавийнхаа бүх л цэвэрлэгээг хийдэг байсан. Гэтэл ихэнх хүүхдүүд “би багш хийх гэж ирсэн болохоос цэвэрлэгч хийх гэж ирээгүй” гээд л шантраад байдаг. Энэ бүхэнд сэтгэлийн тэнхээ маш чухал. Уг нь зүгээр л өөрийнхөө ажилд чин сэтгэлээ зориулж хийх юм бол тэр нь эргээд бидэнд маш их туршлага болж үлддэг. Тэр бүхнийг даваад гарсны дараа юманд амархан шантрахгүй болчихсон байдаг.

-Энэ жил чиний хувьд ажил хийж цуглуулсан мөнгөө юунд зарцуулах вэ?

-Гэхдээ энэ бүх хийж байгаа зүйлс нь ирээдүйн том зорилгод чиглэсэн байх хэрэгтэй. Жишээ нь би ажил хийж олж буй бүх мөнгөө ямар нэгэн зүйл сурахад зориулдаг. Залуу хүмүүс сурахаа хэзээ ч зогсоож болохгүй юм шиг санагддаг. Жишээлбэл би монгол уран бичиг бичдэг. Тухайн каллиграфаа багш нарын баяраар зараад мөнгө олдог. Түүнээсээ олсон мөнгөөрөө багаасаа мөрөөддөг байсан моделийн агентлагт бүртгүүлсэн. Мөн хэрхэн маркетинг хийх талаараа суралцсан шүү. Би энд гурван сар өдөр шөнөгүй ажиллана. Миний ажил өглөө 7:00 цагаас оройн 11:00 цаг хүртэл үргэжилнэ. Зуны гурван сарын турш ажиллаж олсон орлогоороо эхний семистерийн төлбөрөө төлчихөөд үлдснийг нь аялахад зориулна гэж бодож байгаа.

-Чиний хувьд сурахыг л хамгийн их эрмэлздэг хүн үү?

-Тийм ээ. Миний хувьд өдөр нь үзүүлбэртээ оролцчихоод орой нь ресторандаа зөөгч хийдэг. Зөөгчөө хийгээд халбага өнгөлөөд, шалаа арчаад л явна шүү дээ. Эхний хоёр өдөр үнэхээр их уйдсан. Гэхдээ энэ цаг завыг ч алгасалгүй яаж сайнаар ашиглах вэ гэхээр халбага өнгөлөх явцдаа Хятад хэлнийхээ подкастийг сонсоод шинэ үгнүүдээ сурдаг. Тэгэхээр шал угаасан ч бай өөртөө яаж эерэгээр, ашигтайгаар өнгөрөөж болох вэ гэдгийг харж байх хэрэгтэй. Залуучууд маань гол нь өөртөө итгэлтэй байгаад өөрийнхөө хийе гэсэн зүйлд заавал хүрч, ямар ч ажил байсан түүнээсээ аз жаргалыг мэдэрч, гэгээлгээр харж байгаарай.