Н.Төгсцогт: Үндсэн бэлтгэл дууслаа. Удахгүй уулзацгаая

Н.Төгсцогт: Үндсэн бэлтгэл дууслаа. Удахгүй уулзацгаая

Энэ сарын 8-нд манай улсын тамирчин King Tug буюу Н.Төгсцогт АНУ-ын тамирчин Гарри Расселтай тулалдахаар болоод байгаа билээ. Энэ тухай дэлхийн бокс сонирхогчдын дунд нэлээн хүлээлт үүсээд байгаа бөгөөд Н.Төгсцогтын өмнөх тулаануудтай харьцуулахын аргагүй ширүүн тоглолт болно гэж Боксын гурван одтой шүүгч Г.Нандинжав хэлж байна.

Тэгвэл Олимп, дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын холбооны (WBC)  аваргын төлөө тулалдахад гурав хоног үлдлээ. Н.Төгсцогт энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Үндсэн бэлтгэл дууслаа. Удахгүй уулзацгаая” хэмээн бичжээ.

ТӨГСӨӨГИЙН ХУВЬД ИХ ДАЙЧИН, СЭТГЭЛ ЗҮЙ ӨНДӨРТЭЙ БОКСЧИН.
ЭР ЗОРИГООРОО ЯМАРЧ ХҮНЭЭС ИЛҮҮРХДЭГ

32 настай Гэри Рассель, 28 настай Н.Төгсцогт нарын тулаанд хэн нь ялах бол гэдгийг хүн бүр сэтгэл догдлон хүлээж буй. Түүний өрсөлдөгч 2005 онд 17 настайдаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн намтартай. Түүний талаар Боксын гурван одтой шүүгч Г.Нандинжав ““Би Гэри Расселийн хэд хэдэн тулааныг үзсэн. В.Ломаченкотой 12 үе тулалдана гэдэг яах аргагүй сайн боксчны шинж. Сул зайд гоё ажилладаг, тэсрэлттэй, маш осолтой боксчин байна лээ. Н.Төгсцогтын өмнөх тулаануудтай харьцуулахын аргагүй ширүүн тоглолт болно. Хугацаанаас нь өмнө цохиж унагана гэдэг хэцүү. Төгсөөгийн хувьд их дайчин, сэтгэл зүй өндөртэй боксчин. Эр зоригоороо ямарч хүнээс илүүрхдэг. 17­той жаахан хүүхэд дэлхийгээс медаль авахдаа л ийм байсан. Одоо энэ давуу талаа л ашиглах хэрэгтэй” гэсэн юм.

БОКСЫН ЕРТӨНЦӨД ХҮЧТЭЙ ОРЖ ИРСЭН KING TUG-ЭЭС БОЛЖ
ГАРРИ РАССЕЛЬ МАШ ХҮНД СОРИЛТТОЙ ТУЛГАРЛАА

Харин “Show time Sport” телевизийн Ерөнхийлөгч Стивен Эспиноза хэлэхдээ “хоёрдугаар сарын 8-нд өнөөгийн боксын спортын хамгийн чадварлаг хоёр тамирчин тулалдах болно. Боксын ертөнцөд хүчтэй орж ирсэн King Tug-ээс болж Гарри Рассель маш хүнд сорилттой тулгарлаа” гэсэн бол Гарри Рассель “Би бол Дэлхийн Боксын Холбооны (WBC) олон удаагийн аварга. Миний өмнө тулгараад буй сорилтыг давах болно. Хүчтэй өрсөлдөгчийн эсрэг бүх чадвараа харуулна. Үүнийг хоёрдугаар сарын 8-нд үзээрэй ” хэмээн “Premier Boxing Championship” продакшны сайтад мэдээлжээ.

Мөн Н.Төгсцогт тус сайтад  "Хүн бүрийн хувьд сэтгэл хөдөлгөм тулаан болох болно. Гарри Расселль бол гайхалтай авьяаслаг аварга. Түүнд Дэлхийн Боксын Холбооны аваргын бүс бий. Тэр бол миний хүсч байгаа зүйл. Би энэ тулаанд ялахын тулд шаргуу бэлтгэл хийж байгаа” гэж мэдэгдсэн байна.

Ямартай ч энэ тулаан Н.Төгсцогтын мэргэжлийн карьерийнх нь хувьд хамгийн чухал тулаан байх болно. Тулааныг Америкийн үндэсний “Showtime” телевиз орон нутгийн цагаар 09:00 цагт шууд дамжуулан үзүүлнэ. Н.Төгсцогтдоо амжилт хүсье.