"Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг найман сар цагдан хорих шийдвэр гаргасан шүүгч нарыг "сахилгын зөрчил гараагүй байна" гэж ШСХ үзжээ

"Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг найман сар цагдан хорих шийдвэр гаргасан шүүгч нарыг "сахилгын зөрчил гараагүй байна" гэж ШСХ үзжээ

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийг өнгөрсөн оны аравдугаар сараас /2023.10/ өнөөг хүртэл цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ. 

Найман сарын хугацаанд цагдан хоригдож буй А.Ганхуяг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар түүнийг батлан даалтад гаргахаас татгалзаж сахилгын зөрчил гаргаж байна хэмээн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ. 

Тодруулбал, "Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, С.Батжаргал нарт холбогдуулан гомдол гаргасан аж. Уг гомдлыг өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо хэлэлцээд Шүүхийн тухай хуулийн 112.1-2 дахь хэсэгт зааснаар дээрх шүүгч нарт холбогдуулан гаргасан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, С.Батжаргал нарыг сахилгын зөрчил гаргаагүй байна гэж үзжээ.