ҮЕРИЙН ХОХИРОГЧИД: Гэр маань үерт автсаны улмаас очих газаргүй болж "Биокомбинатийн гүүр"-н дээр дөрөв хонож байна

ҮЕРИЙН ХОХИРОГЧИД: Гэр маань үерт автсаны улмаас очих газаргүй болж "Биокомбинатийн гүүр"-н дээр дөрөв хонож байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орсон усархаг, аадар борооны улмаас нийслэлийн хэд хэдэн хэсэг үерт автаж, аюултай нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомбинат, Сонгино орчмын 100 гаруй айл өрх үерт автаж, гэртээ байх нөхцөлгүй, хүнд байдалд байгаа аж. Тиймээс бид тухайн иргэдийн нөхцөл байдал, үүсээд байгаа асуудлыг газар дээрээс нь очиж сурвалжиллаа.

ВИДЕО: 

Өнөөдрийн байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчмоор өмнөх өдрөөс 53 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 71 см давж үерлэж байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн. Тиймээс Туул голын үерийн хамгаалалтгүй хэсэг буюу хотын дээд болон ялангуяа доод чиглэл болох Био, Сонгино орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг яаралтай төлөвлөх шаардлагатай байна гэж өчигдөр мэдэгдээд байсан юм.

Тэгвэл Биокомбинатийн "Баруун байр" тосгонд амьдардаг иргэдийг өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн гэрээс нь нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд үерийн эрсдэл өндөр байгаа учраас "Биокомбинатийн гүүр"-ийг хааж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Биднийг очиход тухайн гүүрэн дээр онцгой байдал, цагдаагийн алба хаагчид хаалт хийн зогсож, үерт автсан гэртээ санаа зовнисон 40-50 гаруй иргэн бөөгнөрөн зогссон байлаа.

-БИДЭНД ТҮР ХОРГОДОХ БАЙР, САРАВЧ ЗЭРЭГ ЗҮЙЛ ОГТ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ, ЗАРИМ НЬ МАШИНДАА ХОНОГ ТӨӨРҮҮЛЖ, ХҮҮХДҮҮД МААНЬ ТОГЛООМЫН ТАЛБАЙ ДЭЭР ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙГАА-

Тухайн иргэдээс нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн пүрэв гарагт ширүүн бороо орж эхэлсэн. Тэр үеэс биднийг онцгой байдлын алба хаагчид наашаа авч ирсэн. Энэ хугацаанд бид машиндаа хоноглож, зарим нь таньдаг айлуудаар хоног төөрүүлж байна. Байдал маш хүнд байна. Бага насны хүүхдүүд маань өдрийг тоглоомын талбай дээр өнгөрүүлж, зарим нь айлуудаар явж өдөр хоногийг аргацааж байна. Гэтэл хороо, дүүрэг, нийслэлээс одоог хүртэл таг, ямар ч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж алга. Маш их гомдолтой байна. Иргэдээ ингэж амьдруулж байгаад маш их бухимдалтай байна.

-Албаны хүмүүсийн зүгээс та бүхэнд ямар мэдээлэл өгч байна?

-Өнөөдөр л лав харьж болохгүй гэсэн. Маргааш ахиад бороо орох магадлалтай учраас үерийгн түвшин улам нэмэгдэх магадлалтай байна, дээрээс та бүхэнд хандсан ямар нэг чиглэл өгөөгүй л гэж хэлсэн энэ хэдэн өдөр. Бид ар гэртээ санаа зовж байна, ядаж бичиг баримтууд, чухал эд зүйлсээ авмаар байна.

-Өнгөрсөн хоногуудад хоол хүнсээ яаж зохицуулж байна, та бүхэнд зориулсан түр хоргодох байр ч юм уу гаргаж өгсөн үү?

-Ямар ч түр хоргодох байр сав гаргаж өгөөгүй, бүр суух сандал ч алга байгаа биз. Энэ талаар хорооны хүмүүст хэлэхээр бүгд мэдэхгүй гээд зугтааж байна. Дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр ирээд явсан гэсэн. Манайхан бухимдлаа илэрхийлэхэд зугтаагаад явсан байна билээ. Үнэхээр гомдмоор, сэтгэлгүй байна манай удирдлагууд. Хоол хүнс яахав тэгээд төвөөс таньдаг хүмүүс маань хоол, цай зөөж байгаа.

-Өнгөрсөн жил энэ хэсэг мөн үерт автаж байсан, түүнээс хойш та бүхэн үерийн эрсдлийг бууруулах зорилгоор ямар нэг шаардлагыг хороо, дүүрэгтээ тавьсан уу?

-Тийм ээ, өнгөрсөн жил яг ийм зүйл болж бид энэ гүүрэн дээр хоёр хонож байсан. Гэтэл жилийн хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Бид өнгөрсөн жилээс авхуулаад энэ хэсэгт далан барьж өгөх шаардлагыг маш олон удаа тавьсан. Юу ч хийгээгүй. Бараг урдаас хохино гэж хэлдэг. Энд байгаа айлуудын зарим нь газрын зөвшөөрөлтэй, зарим нь түр зөвшөөрөлтэй. Гэтэл урдаас зөвшөөрөлгүй газар гэж хэлдэг. Монгол улсын иргэн хүн хаана ч амьдрах эрхтэй. Гэтэл иргэнээ хамгаалдаггүй ийм төртэй. Маш бухимдалтай байна.

-ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ҮЕРЭЭР МӨН ЭНЭ ГҮҮРЭН ДЭЭР ХОЁР ХОНОСОН. ДАЛАН БАРИАД ӨГӨӨЧ ГЭЖ УДИРДЛАГУУДААС УДАА ДАРАА ХҮССЭН Ч ОГТ ХӨДЛӨӨГҮЙ-

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 27, 28, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулсаар байна.