Улаанбаатар сити клубын ахлагч Н.Цэдэнбал: Лигийн аварга авахуулсны дараа жудаггүй зан гаргаж, намайг дарамталж байна

Улаанбаатар сити клубын ахлагч Н.Цэдэнбал: Лигийн аварга авахуулсны дараа жудаггүй зан гаргаж, намайг дарамталж байна

Монгол Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг, Улаанбаатар сити клубын ахлагч Н.Цэдэнбал 2017 оны 10 сараас Улаанбаатар сити клубтай таван жилийн хугацаатай цалиндаа нэг өрөө байр болон бусад урамшуулал авахаар гэрээ байгуулжээ. Гэвч түүнд өгсөн байр нь гуравдагч этгээдийн байр байсан талаар өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.

Тэрээр “Миний бие гэрээний ямарч зүйл заалт зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас хална, гэрээг чинь цуцлана байраа өгөөд яв гэх мэтээр дарамталж байна. Цалин хөлстэй холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хүртэл Улаанбаатар сити клубын төлөө тоглохгүй, бэлтгэлд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн боловч уг асуудлыг шийдвэрлэх талаар огт арга хэмжээ авахгүй, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан хэвээр байна. Клубын эзэн Г.Дашнямын уг үйлдэл, хэлж буй үг хэллэгээс нь харвал анхнаасаа намайг ямарч хөлс, цалингүй тоглуулж, сансандаа хүрч Лигийн аварга авхуулсны дараа ийнхүү жудаггүй зан гаргаж, дарамталж байгаа нь цаашид намайг тоглуулах бодолгүй байгааг харуулж байна” гэжээ.

Н.Цэдэнбал Монголын хөлбөмбөгийн хөгжилд саад болж буй энэ мэт шударга бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ илэрхийлж, Монголын Хөлбөмбөгийн Холбооноос ийм зохисгүй үйлдэл гаргаж буй клубуудэд арга хэмжээ тооцож, тоглогчдын эрх ашгийг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэйг санууллаа.