“Аав, ээжийгээ хүлээх, санах мэдрэмж ямар байдгийг мэддэг болохоор багаасаа л ажил хийж мөнгөтэй болоод асрамжийн газарт байгаа хүүхдүүдэд тусална гэж боддог болсон. Том ч болж, ажил хийгээд олсон ашиг орлогоороо асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулахаар шийдэж, эхний ээлжид 55 хүүхэдтэй асрамжийн газрыг сонгож тусламжийн ажлаа эхлүүлээд байгаа. Миний хувьд бэлэн юм өгөхөөс илүүтэй хүүхэд бүртээ тулж ажиллаж, боловсролд нь анхаарч давхар сэтгэлийг нь дэмжихээр багш нартайн ярилцаж байгаа” хэмээн ярих эмэгтэйг Б.Жаргалмаа гэдэг.
ВИДЕО:
Түүний хувьд тусгай Эффектийн Нүүр Хувиргагчаар ажилладаг. Ажлынхаа хүрээнд өдгөө 30 гаруй кино багтай хамтран ажиллажээ. Ингэхдээ ихэвчлэн аймшгийн, нэмэлт эффект шаардлагатай кинонуудад нүүр хувиргагчаар ажилладаг байна. Улмаар бидний мэдэх маш олон кино баг болон нэр хүндтэй олон жүжигчдийн итгэлт хамтрагч нь болоод буй.
Тэрбээр “Асрамжийн газрын хүүхдүүдэд туслах нь миний багаасаа бодож явсан ажил. Саяхнаас боломж, нөхцөл нь бүрдсэн учир “Нархан” хүүхдийн гэр асрамжийн газрын 55 хүүхдэд сэтгэлийн дэм өгч, туслахаар болсон. Энэ ажлынхаа хүрээнд эхний ээлжид тус асрамжийг газрын хүүхдүүдийг зорьж, дотнын хүмүүстэйгээ хамтран түргэн хоолоор үйлчилсэн.
Би багадаа 24 дүгээр цэцэрлэгт явдаг байсан. Ээж, аавыгаа хүлээх, санах мэдрэмж ямар байдгийг мэддэг болохоор хүүхэд болгон дээр тулж ажиллахыг хүссэн. Тиймээс ирэх наймдугаар сард тус асрамжийн газар дахин очиж шат дараатай туслахаар болсон. Бас цаашид илүү их боломж бололцоотой болбол бусад асрамжийн газрын хүүхдүүдэд тусалж, өндөр настны асрамжийн газар очно гэж бодож байгаа.
Миний хувьд хүүхдүүдэд туслахдаа мөнгө болон эд зүйлээс илүүтэй сэтгэлийн дэм өгч, ур чадварыг нь хөгжүүлж, ирээдүйн мэргэжил сонголт гэхчлэн боловсролд нь туслахыг зорьж байгаа. Тиймээс ТББ нээж, энэхүү сайн үйлсийн аянаа үргэлжлүүлнэ. Энэ ажлынхаа хүрээнд хичээл орохоос өмнө “Нархан” асрамжийн газрын хүүхдүүдэд зургийн хичээл орж, шүдний үзлэг хийнэ. Бас хүүхдүүдийн үсийг засах мэргэжлийн үсчин аваачиж дэмжлэг үзүүлнэ” хэмээн ярьсан юм.
Мөн түүний хувьд кинонд ажиллаад авч буй цалин, өнгөрсөн жил нээсэн “OpenHouse” гэх түргэн хоолны газартаа орж буй ашиг орлогоор дээрх сайн үйлсийг хийж байгаа аж.