Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан гамшгийн үеийн бэлэн байдлын сургалт, дадлагыг өнөөдөр /2026.10.02/ зохион байгууллаа. Мөн арга хэмжээний үеэр АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Унгар, Япон зэрэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаас оролцож, тухайн улсад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэсэн нь онцлог байлаа.
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо арга хэмжээг нээж үг хэлэхдээ залуучууд, өсвөр үеийнхний хөгжилд чиглэсэн аливаа ажил бол хамгийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж, гамшиг, эрсдэлд бэлэн байж, зөв дадалтай, ирээдүйнхээ талаар эерэг төсөөлөлтэй, өндөр ёс суртахуунтай иргэн болон төлөвших хэрэгтэйг онцоллоо. Мөн тэрээр төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт, ойрын жилүүдэд эрэлттэй байх ажлын байр болон хорт зуршил, донтолтоос хэрхэн ангид байх талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцлага өрнүүлэв.
Хүүхдүүд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр, газар хөдлөлт болон болзошгүй аюул, ослын үед хэрхэн сандарч тэвдэлгүй бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангах талаар нүдээр үзэж, бодит нөхцөлд сургуулилт хийсэндээ баяртай байлаа. Мөн хар тамхи, хорт зуршлын хор нөлөө, донтолтоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас сургалт орсон юм. Эрэлч нохдын болон өндрөөс аврах, гал түймэр унтраах үйл явцыг хүүхдүүд анх удаагаа үзэж байгаагаа хэлж байв.