Нисдэг тэрэгний ослоор амиа алдсан нэрт сагсан бөмбөгч Коби Брайант болон түүний охин Жианна Брайант нартай энэ сарын 24-ний өдөр салах ёс гүйцэтгэхээр болжээ. Түүнчлэн ослоор амиа алдсан бусад найман хүнтэй ч бас энэ өдөр салах ёс гүйцэтгэх ажээ.
Салах ёс гүйцэтгэх ажиллагаа Лос Анжелес Лейкэрс багийн “Степлс” ордонд зохион байгуулагдана. Одоогоор олон нийтэд зориулсан тасалбар худалдаанд гарах эсэх, тасалбарын үнэ хэдэн ам.доллар байх талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна.
Нэрт сагсан бөмбөгч болон өөр бусад найман хүн нэгдүгээр сарын 26-ны өдөр Калифорни мужийн Калапаласын толгодод нисдэг тэрэгний ослоор амиа алдсан юм. Хэтэрхий их манан буусны улмаас нисгэгч хяналтаа алдан улмаар толгод мөргөн сүйрсэн билээ. Урьдчилсан дүгнэлтээр нисдэг тэрэг хар хайрцгаар тоноглогдоогүй, газар ойртолтыг анхааруулах системгүй байсан нь тогтоогдоод байна. Лос Анжелас хотын цагдаагийн газар хохирогсдын цогцсыг энэ сарын 03-ны өдөр гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ.