Баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутагт аялж, зугаалж буй иргэд гол усны аюулаас болгоомжлон анхааралтай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж буй. Тухайлбал, хийлдэг гудсанаас осолдон живж нас барах тохиолдолд сүүлийн үед их нэмэгдэж байна.
Тухайлбал, энэ сарын 06-ны өдөр гэр бүлийн таван хүн Завхан аймгийн Ургамал сумын нутагт байх "Гүн" нуурын эрэгт амарч байх үед хүүхэд нь хийлдэг гудастай нуурын усанд хөвж байгаад живсэн тухай дуудлагыг энэ өдрийн 22.40 цагт онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Сонгино сумын эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид хамтран 16 настай Х-г 07.09-ний өдрийн 06:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 11:15 цагт нуурын 3 метр /эргээс 200 метрт/-ийн гүнээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо тогтоол усанд бага насны хүүхэд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:08 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 17 настай А-ийн цогцос тогтоол усанд хөвж байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.