Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага допингийн шинжилгээ авч, сорьцыг энэ сарын 13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл шинжилгээний хариуг өнөөдөр өглөө Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөл Германаас авчирсан бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, хэд хэдэн бөхөөс хориотой бодис илэрсэн байж магадгүй байна.
Манай улс шинжилгээний сорцыг өмнө нь БНСУ-ын лабораторид шинжлүүлж ирсэн бөгөөд энэ жилээс Герман улсын лабораторид шинжлүүлсэн. Германы лаборатори 72 цагийн дотор шинжилгээний хариуг ийнхүү ирүүлээд байна. Лабораторийн “сэжигтэй” шинжилгээний хариу зөрөх бараг боломжгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 99 хувийн баталгаатай гардаг байна. Допинг илэрсэн бөхчүүд шинжилгээний хариутай санал нийлээгүй нөхцөлд “Б” сорьцыг дахин шинжилгээнд өгөх эрх нээлттэй юм. Харин үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс допингийн шинжилгээний хариуг маргааш 14:00 цагт албан ёсоор олон нийтэд мэдээллэхээр төлөвлөжээ.