350 мянган хүн ДЭМБ-ын дарга Т.А.Гебреисусыг огцрохыг шаарджээ

350 мянган хүн ДЭМБ-ын дарга Т.А.Гебреисусыг огцрохыг шаарджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий дарга Тедрос Аданом Гебреисусыг огцрохыг шаардсан онлайн баримт бичигт 350 мянган хүн гарын үсэг зуржээ. Учир нь БНХАУ-д гарч, дэлхийн 26 оронд тархсан коронавирусийн халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадаагүй хэмээн түүнийг огцрохыг шаардаж байна.

ДЭМБ-ын даргыг огцрохыг шаардсан өргөдөл анх нэгдүгээр сарын 31-нд тавигдсан ч анхандаа төдийлөн олон хүнд хүрээгүй байжээ. Гэхдээ коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 1011-д хүрч, 42 мянга гаруй хүн халдварласнаар Тедрос Аданом Гебреисусыг огцрохыг шаардах хүмүүс олноор нэмэгджээ.

Уг өргөдөлд, "Бид Тедрос Аданом Гебрейсусыг ДЭМБ-ын Ерөнхий захирлын үүрэгт тохирохгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг нэн даруй огцрохыг уриалж байна. 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Тедрос Адханом Гебрейсус БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирусийг эрүүл мэндийн яаралтай байдал гэж зарлахаас татгалзсан. Бидний мэдэж байгаагаар энэ вирусийг одоогоор эмчлэх боломжгүй. Халдвар авсан, нас барсан хүмүүсийн тоо ердөө тавхан хоногийн дотор 10 дахин их боллоо. Үүний нэг хэсэг нь коронавирусийг дутуу үнэлж, асуудалд хойрго хандсан Тедрос Аданом Гебрейсус-тай холбоотой." гэж дурджээ.

Уханьд коронавирусийн халдвар гарсныг БНХАУ-ын засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлд зарласан байхад ДЭМБ-ын дарга онц байдал зарлалгүй өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нийг хүртэл эргэлзэж байдлыг хүндрүүлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд албаныхан БНХАУ-д гарсан шинэ коронавирусээс сэргийлэхийн тулд олон улсад эрүүл мэндийн онц байдал зарлахыг шаардсан боловч Тедрос Аданом Гебреисус татгалзсан аж. Тухайн үед хэдийн халдвар авсан хүний тоо 10 дахин нэмэгдээд байжээ.

Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар коронавирусийн халдварын бодит нөхцөл байдлыг БНХАУ-ын засгийн газар нуун дарагдуулж, иргэдийн үг хэлэх эрхийг хааж байгаа, мөн ДЭМБ хугацаа алдаж байдлыг хяналтаасаа гаргасан тухай шүүмжилж эхлээд байна.

                                                                                                 Эх сурвалж: Korea times