Ерөнхийлөгч Х.Баттулга “Цагаан сарын баяр”-ыг цуцлах зарлигт ЗГ-аас санал авч байна

2020-02-12 11:42

Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ

Засгийн газрын өнөөдөр /2020.02.12/-ийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байгаа аж.

2020-02-12 08:20

Ерөнхийлөгч Х.Баттулга “Цагаан сарын баяр”-ыг цуцлах зарлигт ЗГ-аас санал авч байна

Энэ оны нэгдүгээр сарын 30 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баярт зориулсан төрийн болон орон нутаг, албан байгууллагын золголт хийхгүй, бөхчүүдийг барилдуулахгүй байх тухай чиглэлийг Улсын онцгой комиссыханд өгсөн байна.

Учир нь коронавирусийн халдвар одоогоор Монгол Улсад бүртгэгдээгүй ч  Цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа гэж албаныхан үзэж байгаа юм. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч долоо хоногийн Бямба гарагт “Энэ жилийн цагаан сарын баярыг цуцлах санаачлага гаргаж” буйгаа мэдэгдсэн. Харин түүнийг саналын Улсын онцгой комисс дэмжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжилсан. Учир нь эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргах учиртай. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг”-ийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Яг одоо Засгийн газар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийн төслийг хэлэлцэж байна.