Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сарын мэндчилгээндээ “Адуу бугуйлдаж” попрох уу

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сарын мэндчилгээндээ “Адуу бугуйлдаж” попрох уу

БНХАУ-д тархсан шинэ коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ жилийн төрийн золголт, бөхийн барилдааныг албан ёсоор цуцалж иргэдийг Цагаан сарын баяраа өргөн дэлгэр бус гэр, гэртээ цомхон тэмдэглэхийг Улсын онцгой комиссоос уриалсаар байна.

Гэхдээ иргэд Цагаан сарын баярт ихээхэн ач холбогдол өгч халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж буй учраас уриалгыг нэг шат гүнзгийрүүлж энэхүү баярыг бүр цуцлах саналыг Улсын онцгой комиссын энэ сарын 10-ны хуралдаанаас дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн барьж танилцуулахаар болсон билээ. Цуцлах эсэх албан ёсны шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гарах юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг асуудлаар өнөө, маргаашгүй хуралдана гэх мэдээлэл байна.

Бөхийн барилдаан, төрийн, нутгийн болон албан байгууллагуудын золголтыг хорьж, Цагаан сарын хамрах цар хүрээг хумиж байгаа ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх баярын мэндчилгээгээ хүргэдгээрээ хүргэх аж.

Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймагт мэндчилгээний зураг авалтаар явсан байна. Үстэй дээл, үнэгэн малгай өмсөж бугуйл цээжээрээ ороосон Ерөнхий сайдын дээрх зураг бол мэндчилгээнд гарах дүр төрх.

Түүний хэвлэлийн алба “Ерөнхий сайд Цагаан сарын мэндчилгээгээ товчхон хүргэх болно” гэх тайлбарыг өгч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээндээ бяцхан хүүхдүүдийг оролцуулж, нэгнийг нь найтаалгаж, үзэгчдийг нилээдгүй хөгжөөгөөд авсан бол энэ жилийн цагаан сарын мэндчилгээндээ тэрээр хөдөө хээр "адуу бугуйлдаж" үзүүлэх бололтой. Олон нийтийн сүлжээнд түүний энэ зургийг харсан хүмүүсийн зарим нь “попрох” юм гэх шүүмжлэл хэлж буй бол зарим нь дэмжсэн өнгө аясыг илэрхийлжээ.

Гэхдээ энэ жил улс төрчдийн хувьд "Сонгуультай жил". Иймээс "Хэн нь ард түмний хайрыг татаж чадах вэ" уралдаан манай улс төрчдийн дунд явагдаж байна. Гол уралдаан мэдээж "Цагаан сарын баяр"-ын өдрүүдэд явагдана. Энэ тал дээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гүйцэх улс төрч өнөөдөр Монголд төрөөгүй байна.