“Diamond Princess” хөлгөөс Коронавирусийн халдвар авсан нийт 174 өвчтөн илэрчээ

“Diamond Princess” хөлгөөс Коронавирусийн халдвар авсан нийт 174 өвчтөн илэрчээ

Йокохамагийн боомтод саатуулагдсан “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс коронавирусийн халдвартай 39 хүн шинээр илэрснийг Японы эрүүл мэндийн яам өнөөдөр зарлажээ. Ингэснээр тус хөлгөөс нийтдээ 174 өвчтөн илрээд байна.

“Шинээр ирсэн 53 шинжилгээний хариунаас 39 нь эерэг гарлаа” гэж тус улсын эрүүл мэндийн сайд Кацунобу Като сэтгүүлчдэд мэдэгджээ. “Diamond Princess” хөлгөөр аялаад ирсэн Хонг Конгийн иргэн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоны дараа тус хөлгийг өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Йокохамагийн боомтод ирэхэд нь хөл хорионы дэглэм тогтоосон юм.

Нийт 174 халдвар бүртгэгдсэнээр “Diamond Princess” хөлөг Хятадын газар нутгаас гадна орших шинэ коронавирус тархалтын хамгийн том голомт болж байна. Хөлөг дээр багийн гишүүн, зорчигч нийлсэн 3,711 хүн байгаа юм.

Одоо хөлгийн зорчигчид өрөө өрөөндөө хоригдож байгаа бөгөөд хөл хорионы дэглэм хоёрдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: AFP