ЗАСГИЙН ГАЗАР: Маргаашнаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

ЗАСГИЙН ГАЗАР: Маргаашнаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

-ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЛАА-

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийн асуудлыг хэлэлцсэн байна. 

Энэ талаар Ө.Энхтүвшин сайд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан байна. Зарлигт коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сунгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх чиглэл өглөө.

Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгөх тухай дурдсан байна.

Иймд Засгийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс 2020.02.13-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн "Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсүгэй" гэсэн тогтоол гаргалаа.

Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комисс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалт бүхий тогтоол гаргалаа" хэмээн мэдээлэл өгөв.

Тэрбээр мөн шинэ коронавирусын оргил үед Цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд өгсөн. Нөгөөтэйгүүр Өвөрмонголын Баяннуур,  Шинжаан Уйгарт шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэн байна. Тиймээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай гэж үзлээ гэсэн юм. 

Мөн Цагаан сарын үеэр төрийн байгууллагууд шаардлагатай тохиолдолд ажиллана гэлээ. 

-НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРЖ БАЙЖ СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ-

-Өндөржүүлсэн бэлэн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Сурагчдын амралтын сунгах уу?

-Цаашдын нөхцөл байдлаа харж байна. Байдал амаргүй болбол хүүхдүүдийн амралтыг сунгаж магадгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн дуут дохио, зарлан мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэхэд бэлэн байна. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлнэ. Нөхцөл байдлаа харж байж бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлнэ. Цагаан сарын баяраар иргэд айл хэсч хөл, хөдөлгөөн үүсгэхийг хориглосон. Түүнээс гэр бүл дотроо мөрөө гаргаж, бурхан тахилдаа мөргөх, золгох, буузаа жигнэж идэхийг хориглоогүй. 

-Цагаан сарын амралт хэвээрээ юу? 

-Баяр наадмын тухай хуулиараа гурван хоног амарна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: