Г.Баярсайхан: Миний нэрээр хуурамч хаяг нээн Ө.Батзул агсны эмгэнэлд ёс бус коммент бичсэн байсан. Өс санасан хүн л үүнийг бичсэн гэж хардаж байгаа

Г.Баярсайхан: Миний нэрээр хуурамч хаяг нээн Ө.Батзул агсны эмгэнэлд ёс бус коммент бичсэн байсан. Өс санасан хүн л үүнийг бичсэн гэж хардаж байгаа

Улсын начин Ө.Батзул нутгийнхаа ойн наадамд зодоглохоор зорчих замдаа осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.07.30/ гарсан. Тус мэдээллийн сэтгэгдэл хэсэгт цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас өмссөн гэрэл зурагтай “Gongor Bayarsiahan” фэйсбүүк хаягаас ёс бус сэтгэгдэл үлдээсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан. 

Улмаар ЦЕГ-аас мэдээллэхдээ уг алба хаагч нь фэйсбүүк хаягаа 2023 оны арваннэгдүгээр сард алдсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн зураг нэрийг ашиглан дахин шинэ хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл бид энэ асуудалтай холбогдуулан тухайн комментийг бичсэн гэх алба хаагч Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

ВИДЕО:

Тэрбээр, "Өчигдөр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд энэ мэдээллийг мэдсэн. Ө.Батзул агсны постон доор янз бүрийн ёс бус коммент бичихсэн байсан. Улмаар би Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шууд хандсан. Энэ бол анхны хэрэг биш. Өмнө нь хоёр ч удаа хуурамч фэйсбүүк хаяг нээж, миний нэр зургийг тавьсан байсныг одоог хүртэл шалгуулаад явж байгаа. 

Би юу гэж л талийгаач хүний хэрэг дээр тийм сэтгэгдэл бичих вэ дээ. Хэнд ч хагацал зовлон, гуниг харуусал тохиолдож болно шүү дээ. Энэ хэний ч амьдрал тохиолдож мэдэх л зүйл. Би өөрөө цагдаагийн алба хаагч. Цагдаагийн алба хаагчийн тухай хуулинд ч байгаа. Хүнтэй зөв боловсон харьцах талаар заасан байдаг.

Би эхнэр дөрвөн хүүхэдтэй. Гэтэл ийм хэргийг өчигдөр сонсоод их гайхлаа. Одоо шалгалт явуулж байгаа. Өмнөх жил бас үүнтэй төстэй хэрэг гараад шалгалтын ажиллагаа явуулсан. Би шалгалтаар гэм буруугүй нь тогтоогдож байсан. Ер нь хүн л намайг тэгж бичээд байгаа байх гэж хардаж байгаа. Хэрвээ үнэхээр би өөрөө бичсэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэлээ.