Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлсэн байна.
Монгол Улс нь Ази-Европыг холбосон бүс нутгийн тээврийн томоохон тоглогч болж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, “Транзит Монгол Улс” болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд ОХУ-ын “Их Евразийн түншлэл”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцоллоо. Мөн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай сайжруулж, шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн, эрчимтэй ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.