Соёлын яам Улсын баяр наадмын өмнө 600 ширхэг СТА-ны тэмдэг хэвлүүлж, "тараажээ"

Соёлын яам Улсын баяр наадмын өмнө 600 ширхэг СТА-ны тэмдэг хэвлүүлж, "тараажээ"

Соёлын яамнаас олгодог "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгийг ямар нэгэн шүүлтүүргүй тараадаг гэх шүүмжлэл үе үе гардаг. Хамгийн сүүлд гэхэд дуучин Б.Бат-Энэрэл "Соёлын тэрүүний ажилтан" цол олгосон гэх асуудал шүүмжлэл дагуулж, олон нийтийг талцуулж байсан билээ. 

Тэгвэл Соёлын яамнаас Улсын баяр наадмын өмнө "Соёлын тэрүүний ажилтан", "Тэргүүний ардын авьяастан" хүндэт тэмдэг болон яамны Жуух бичгийг олон тоогоор хэвлүүлсэн байна.

Тодруулбал, Соёлын салбарт бодит хувь нэмэр оруулсан алба хаагчдад олгоно хэмээн СТА-ны 600 ширхэг тэмдэг, үнэмлэх, хавтас, "Тэргүүний ардын авьяастан"-ны тэмдэг 100 ширхэг, мөн тооны жуух бичгийн үнэмлэхийн хавтас, 500 ширхэг үнэмлэх хэвлүүлсэн байна. 

Ингэхдээ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж тушаал гаргаж, СТА болон "Тэргүүний ардын авьяастан"-ны тэмдгийг тус бүр нь 16 мянга, үнэмлэхийг 180 төгрөг, харин үнэмлэхийн хавтас хэвлүүлэхэд 1860 төгрөг төсөвлөжээ. Мөн жуух бичгийг 1500, харин хавтсыг нь 6500 төгрөгөөр тус тус хэвлүүлсэн байна. Тухайн цол тэмдгийг улсын баяр наадам болон сумдуудын 100 жилийн ой зэрэг арга хэмжээний үеэр тараасан гэх мэдээлэл байгаа юм.