Д.Загджав: ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хүнд үед хамтарсан аудит хийж буйгаараа онцлогтой /ВИДЕО/

Д.Загджав: ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хүнд үед хамтарсан аудит хийж буйгаараа онцлогтой /ВИДЕО/

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар Төмөр Зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн "ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээр"-ийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн ашиглалтын байдалд Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхимаас шалгалт хийх хамтарсан ажлын хэсгийн хуралдааны нээлт өнөөдөр Үндэсний аудитын газарт боллоо. 

ВИДЕО:
 
 
Хуралдааны нээлтэд ОХУ-ын Тооцооны танхимын аудитын багийн гишүүд, Зам, Тээвэр Хөгжлийн Яам болон УБТЗ ХХН-ийн төлөөлөл, Үндэсний аудитын газраас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцов. Ажлын хэсгийн хуралдааны өмнө ерөнхий аудитор Д.Загджав "Хоёр улсын төрийн хяналтын дээд байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан ажиллаж байсан туршлагатай. ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хүнд үед хамтарсан аудитыг хийж буйгаараа онцлогтой. Аудитад хамрагдаж буй байгууллагад ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай бүх талын туслалцааг үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангаж, холбогдох мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөхийг хүсье" гэлээ.  
 

Харин ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням "УИХ-ын Төсвийн байнгын хорооноос баталсан "Аудитын сэдэв батлах тухай 2022" оны есдүгээр тогтоолыг үндэслэж энэхүү шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, ашиг гэсэн сэдвийн хүрээнд аудитыг гүйцэтгэх болно. Аудитыг 2021-2023 оны хүрээнд хамруулж хийнэ. Зорилтын хүрээнд Монгол-Оросын хамтарсан “УБТЗ ХХН-ийн анх байгуулагдахад "ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээр, түүний өөрчлөлтийн хэрэгжилтийг аудитад хамруулж үзнэ.

Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлдвэрлэл болон эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хамруулж ажиллана. Энэ оны эцэс гэхэд аудитын хамтарсан баг тайлангаа гаргаж, Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхим харилцан зөвшилцөх, үр дүнгийн талаар шалгагдагч байгууллага болох Зам, Тээвэр Хөгжлийн Яам болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагад танилцуулаад тайланг эцэслэхээр төлөвлөсөн. Үүний дараа хэвлэл мэдээллийн байгууллагад эцсийн тайлангийн талаар танилцуулах болно" гэдгийг тодотголоо.