Сингапур улсад “Валентины өдрийг” эмч нарт хандан, захидал илгээн тэмдэглэж байна

Сингапур улсад “Валентины өдрийг” эмч нарт хандан, захидал илгээн тэмдэглэж байна

Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Өөрөөр хэлбэл дурлалт хосуудын хувьд чухал өдөр гэсэн үг. Гэвч дэлхий даяар хурдацтайгаар тархаж буй Covid-19 вирусын халдвараас шалтгаалан дэлхий даяар онц байдал зарлаад байгаа билээ. Харин энэ жилийн Валентины баярыг зөвхөн хосуудаараа биш дэлхий нийтээрээ бие биедээ хайр түгээн,  хамтдаа уг өвчний эсрэг тэмцэж тэмдэглэхийг уриалж байна.

Үүний нэгэн жишээ бол Сингапур улсын иргэдийн хэрэгжүүлж эхлээд буй хайрын захианы давалгаа.

Тэд уг өвчний эсрэг зоригтойгоор тэмцэж буй эмнэлгийн ажилчид, мөн вирусын халдвар авсан иргэд, урьдчилан сэргийлж буй гэр бүлийхэндээ зориулан хайрын захиагаар давалгаалж байна. Учир нь хайр халамж мэдрэх, хэн нэгнээс халуун дулаан үг сонсох нь хүний биед эерэгээр нөлөөлж, дархлааг дэмждэг. Сингапурын иргэд тэр дундаа сургуулийн сурагчид эмнэлгийн мэргэжилтэн, өвчтнүүдийн дархлааг сайжруулах, тэдний сэтгэл санааг дэмжих зорилгоор захиа бичиж эхлээд байна.

ЭНЭ БОЛ ХҮМҮҮСИЙН АЙДСЫГ БАГАСГАЖ, ТАЙВШРУУЛАХ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГА. БИД ЗОРИГТОЙ БАЙХ ЁСТОЙ. ГЭВЧ ОДООГООР ХАМГИЙН ЗОРИГТОЙ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЭМЧ НАР ЮМ!

Энэхүү санааг анх өнгөрсөн долоо хоногт Уолли Там хэмээх хүн гаргаж Сингапурын нийгмийн асуудалд зориулагдсан фейсбүүк хуудас болох “StandUpForSG”-д нийтэлжээ.

Тэрээр бичихдээ “Бидний олонх нь энэхүү талархлын захиаг бичиж, бид биедээ хайр, эерэг хандлагыг дамжуулахад бэлэн байгааг би мэднэ. Гэхдээ халдварын эрсдэлийг зохицуулахын тулд бид захиагаа нэг дор нэгтгэж, эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөх болно. Энэ нь тэдэнд аз жаргал, урам зориг,  сэтгэлийн амар амгаланг өгнө гэж найдаж байна. Бид хамтдаа тэмцэж чадна! гэж нийтэлжээ.

Бямба гаригаас хойш энэхүү санаачлагад 5000 гаруй хүн нэгдээд байгаа бөгөөд Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лонг өөрийн фэйсбүүк хуудсандаа "Бүгдээрээ бие биедээ тусалж, дэмжиж чадах бүхнээ хийцгээе. Хамтдаа энэ хэцүү цаг хугацааг даван туулж, улам хүчирхэг болох болно" гэж бичсэн байна.

ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮСДЭЭ АЙДАС БИШ ХАЙР ТҮГЭЭЕ

Сингапурт одоогоор Covid-19 вирусын 50 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд засгийн газар түүний тархалтыг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ аван ажиллаж байна. “Covid-19” халдварын дэгдэлт дэлхийг айдаст автуулж байгаа энэ үед Сингапурын засгийн газар олон нийтийн сэтгэлийн түгшүүрийг багасгаж,  Сингапурчуудыг хамтдаа тэмцэж, бие биедээ хайр түгээхийг уриалж байна.

Одоогийн байдлаар “StandUpForSG” фейсбүүк группт 800 гаруй тэмдэглэл илгээгдсэн бөгөөд Валентины өдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагуудад тарааж эхлэхээр шийджээ.

Хайр энэрэл гэдэг хорвоо дэлхийг бүхэлд нь дулаацуулж чадах тийм л хүчтэй зүйл. Хүн төрөлхтөн бид энэхүү өвчнөөс айн шаналж, зөвхөн өөрийн амиа бодож суух нь утгагүй. Харин энэ хэцүү цаг үед хамтдаа тэмцэн, эргэн тойрны хүмүүстээ хайр түгээн дархлааг нь дэмжицгээе. Хэрвээ бид итгэл найдвар, урам зоригийг бие биедээ түгээн, халдварт өвчний эсрэг чадах бүхнээ дайчлан ажиллавал хайр дүүрэн дэлхийдээ амар амгалан орших болно.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө