Сэлбэ, Дунд голын бургасыг 9 тэрбум төгрөг зарцуулан нүүлгэн шилжүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сард нийслэлээс зохион байгуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Тухайн үед албаныхан "Дунд голын урсацыг боомилсон 10 мянган мод, бургасыг нүүлгэн шилжүүлснээр голын урсац сайжирч, усан сан байгуулах зорилготой" хэмээн тайлбарлаж байсан юм. Тэгвэл өнөөдөр Дунд голын бургасыг ийнхүү хядсанаас үүдэж, тус гол өмхийрч, ногоорсон байдалтай байна.
ВИДЕО:
Манай сурвалжлах баг дээрх мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо "Уранган" цогцолборын урд урсах Дунд голыг өчигдөр /2024.08.14/ зорьсон.
Голын ойролцоо ирвэл ус нь ногоорч, өмхий үнэртэхээс гадна голын урсац удааширч булгалж, зөөсөн модны ёзоор, замган дээгүүр нь хог овоорсон харагдаж байв. Энэхүү нөхцөл байдлаас үүдэж ойр орчмын айл өрх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж, нян, халдвар тарах эрсдлийг нэмэгдүүлж байна гэж оршин суугчид үзэж байгаа юм.
Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршилд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд тохижилт хийхээр төлөвлөсөн гэдгийг албаныхан хэлдэг. Гэвч хэдэнд тэрбумаар үнэлэгдэх энэхүү ажлын үр дүнг Нийслэлчүүд хэзээ үзэх нь тодорхойгүй хэвээр байна.