Ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, голууд үерлэсэн хэвээр байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, голууд үерлэсэн хэвээр байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр /2024.08.16/ Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 17, 18-нд нутгийн зүүн хагаст, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Өчигдөр /2024.08.15/-ийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-135 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги, Заг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгдсэн байна.  

Бэлтэс, Үүр, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Халх /Ялалт баг/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Өнөөдөр /2024.08.16/ Эг гол Хантай баг орчимд усны түвшин 20 см, Онги гол Сайхан-Овоо орчимд 10 см нэмэгдэх төлөвтэй байна.  Ойрын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх учир үер усны аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.