Н.Номтойбаяр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголыг шүүмжилж "Улс төрийн акц" хийхээр болжээ

Н.Номтойбаяр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголыг шүүмжилж "Улс төрийн акц" хийхээр болжээ

УИХ-ын гишүүн, парламент дахь Үндэсний эвслийн гол төлөөлөгч Н.Номтойбаяр Засгийн газраас өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлж буй хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг шүүмжилж мэдэгдэл хийхээр болжээ.

Түүний хувьд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэгт “хачин шог” ажил, асуудлууд их байгаа учир шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлнэ ингэхдээ даваа гарагт олон нийтэд мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

-Н.НОМТОЙБАЯР: ХӨГЖЛӨӨРӨӨ МАНАЙХТАЙ ОЙРОЛЦОО УЗБЕКИСТАН 800 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЯРЬЖ БАЙНА. ХАРИН МАНАЙХ 35 ОРЧИМ ТЭРБУМ ДОЛЛАР ЯРИАД СУУЖ БАЙНА-

Энэ талаараа ч шүүмжлэлтэй байр, сууриа өчигдрийн /2024.08.16/ чуулганы хуралдааны үеэр цухуйлгаж, “Энэ Засгийн газар гурван өөр намын нэгдэл. Өөр, өөр үзэл баримтлалтай. Тиймээс үзэл баримтлалынхаа нэгтгэлийг яаж хийж байгаа юм. Ямар эдийн засгийн систем тодорхойлж энэ үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулсан юм. 120 их наяд, доллараар бол 35 орчим тэрбум. Тоон дүндээ асуудал байгаа юм биш. Гадны томд тооцогдохгүй компанийн дөрвөн жилийн төлөвлөгөөний санхүүжилт. Гэтэл өнгөрсөн хавар бидэнтэй хөгжлөөрөө нэг их хол зөрөхгүй Узбекистан 800 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ярьж байна. Учир нь Засаглалын маш зөв тогтолцоотой, хууль эрх зүйн таатай нөхцлийг бүрдүүлж хувийг хэвшлээ төр нь дэмжиж, хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг. Төсвийн үрэлгэн урсгал зардалгүй.

Маш том суурь эдийн засаг, эрхзүйн тогтолцоог тавьж чадсан учраас 800 тэрбумын хөрөнгө оруулалтын ярьж байна. Засгийн газрын үйл ажиллагааны 20/50 хөтөлбөр, өмнөх бусад хөтөлбөр гээд юун дээр суурилж энэ хөтөлбөрийг боловсруулсан юм. Эцсийн дүндээ энэ хөтөлбөр цалин тэтгэвэр, тэтгэмж гээд иргэдийн амьдралд яаж нөлөөлөх юм, инфляцийн бууралт, төгрөгийн ханшны чадамж, гадаадын хөрөнгө оруулалтын итгэл, дэмжлэгийн цар хүрээнд яаж нөлөөлөх юм, дотоодын аж, ахуй нэгжүүд яах юм” гэсэн юм. Тэрбээр энэ асуултдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хариулт авахыг цохон хэлсэн ч Ерөнхий сайд түүний асуултад хариулаагүй юм.

-БОГД УУЛЫН ТУННЕЛ, ГАН ТАТЛАГАД ГҮҮР, ТУУЛ ХУРДНЫ ЗАМ, СОЛОНГО ХОРООЛЛЫН ЗУРАГ, ТЭЗҮ-ИЙН АЖИЛД 256 ТЭРБУМЫГ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ТУСГАЖЭЭ-

Түүний хувьд Үндэсний эвсэл сөрөг хүчин байна гэдгийг сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөс эхлээд өчигдөр хүртэл сануулж байв. Бусад гишүүдийн хувьд ч мөн төсвийг 3 их наядаар тодотгож түүгээрээ 10 гаруй томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхдээ өмнөх Дарханы арьс, ширний үйлдвэр, Нефтийн үйлдвэр зэрэг шиг дуусгалгүй сэгэлж орхих эрсдэлтэй байна, энэ ажилд хувийн хэвшлийг оруулахгүй төр ганцаараа гүйцэтгэх гэж буй нь бүр бүтэл муутайн дээр авлигал, хүнд суртлыг л нэмэгдүүлэхээс өөрцгүй зэргээр шүүмжилж байгаа юм.

Засгийн газраас энэ удаа 2024 оны төсвийг гурван их наяд, 127 тэрбум төгрөгөөр тодотгож, нийт төсвийг 30.5 их наяд болгон нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар төсөв 1.5 их наядын орлоготой байгаа бөгөөд бусад орлого болон зээлээр Богд уулыг нүхэлж туннель барих, Шинэ Хар хорум хот, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Туул гол дагуух хурдны зам, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг 10 гаруй мега төслийн ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс гадна Засгийн газрын зарлага болон бусад зарлагыг нэмж буй нь Н.Номтойбаяр зэрэг гишүүдийн бухимдлыг төрүүлээд байгаа аж. Нэмэгдүүлсэн төсвөөр ямар ажлууд хийгдэх талаар ЭНД дарж уншина уу. 




Өнөөдөр хулгана өдөр

25 минутын өмнө