Ч.Чимэдбат: Драгерын оронд нэг удаагийн тестийг ашиглана

Ч.Чимэдбат: Драгерын оронд нэг удаагийн тестийг ашиглана

ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын түвшинг тогтоогч багажийг солих үүрэг өгсөн. Ингэснээр жолооч нарт үлээлгэдэг драгер төхөөрөмжийг хэрэглэхгүй, оронд нь хол зайнаас үлээлгэн согтуурлын түвшинг тогтоох багажийг хэрэглэхээр болсон гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилготой ажил гэж байсан билээ.

Бид энэ талаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Д.Чимэдбатаас тодрууллаа.

-Жолооч нарыг драгерт үлээлгэхгүй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Цахим сүлжээнд "Өнөөдрөөс эхлээд бүгдээрээ үлээхгүй шүү. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд шалгахгүй нь" гэх буруу ташаа мэдээлэл их явсан. Зөвхөн 2019 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34800 жолоочийг гудам замын хяналт, шалгалтаар илрүүлсэн байдаг. 2020 оны нэг сарын байдлаар улс орны хэмжээнд 1908 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зам тээврийн ослоор 21 хүн амиа алдаж, 110 хүн гэмтсэн байна. Дээрх 1908 жолоочийн цаашид гаргаж болзошгүй хор уршиг, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ хөдөлгөөнд оролцож буй бусад хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ажлыг гудам замын хяналт, шалгалтаар тогтоосон. Цагдаагийн албан хаагчид гудам, замын хяналт шалгалтыг коронавирусын дэгдэлтийн үеэр нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар хийхгүй байхаар болсон. Ийм үүрэг чиглэл ирсэн. 

Энэ нь нэг замаар явж буй жолооч бүрийг толгой дараалан драгерт үлээлгэхгүй болно гэсэн үг. Харин шаардлагатай тохиолдолд жолоочийг зогсоож шалгах ажил хэвийн үргэлжилнэ. 

Цагдаагийн алба хаагчдад оногдсон үүрэг, даалгаврын дагуу өөр бусад арга, тактикаар ажиллана.  Түүнээс үлээлгэхгүй юм байна, энэ багажийг хэрэглэхгүй юм байна гэсэн ойлголтгүй. 

-Шаардлагатай тохиолдолд ямар багажийг ашиглах вэ? 

-Согтууруулах ундаа хэрэглэсэн болон хэрэглэсэн байх магадлалтай байх жолоочийг Германд үйлдвэрлэсэн нэг удаагийн тестийг ашиглан шалгана. Хяналт, шалгалтыг зохион байгуулна. Жолооч нарыг шалгана. Харин нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг л өвчний дэгдэлтийн үеэр түр зохион байгуулахгүй. 




Өнөөдөр хонь өдөр

15 минутын өмнө