Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурлыг хаалттай явуулна гэж УДШ-ээс мэдээллээ

Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурлыг хаалттай явуулна гэж УДШ-ээс мэдээллээ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нарын гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхтэй холбоотойгоор Улсын дээд шүүхээс дараах мэдээллийг хүргэлээ. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт “Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд ХААЛТТАЙ явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч, гэрч, өсвөр насны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны хүн, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу насанд хүрээгүй хохирогч, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг хангах үүднээс Ц.Давгадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан мөн хаалттай явагдах юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дахь зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасны дагуу тухайн хэргийн шийдвэрийг шууд дамжуулан мэдээлэх бөгөөд шийдвэр гарсны дараа олон нийтийг мэдээллээр хангах үүднээс Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар шүүхийн шийдвэрийн тоймыг нийтлэх болно.