Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын хоёр нисдэг тэрэг ашиглахаар болжээ.
Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хохирол тогтоох шинжээчдийн багт дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг шуурхай байгуулсан байна. Ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг шинжээчдийн багийг шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүнс, орон байр, багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулжээ.
Мөн байгаль, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан газраар хүрэх боломжгүй байршлуудад нисдэг тэрэг ашиглахаар шийдвэрлэж, буух цэгүүдийн координатыг тодорхой болгосон байна.
Хохирлын үнэлгээг нийт есөн цэгт хийх бөгөөд үүний гурван цэгт нисдэг тэргээр бууж ажиллах юм. Түүнчлэн шинжээчдийн багийг интернэтийн төхөөрөмж, цахилгаан гаргах боломжтой зөөврийн эрчим хүчний үүсгүүр зэрэг шаардлагатай хэрэгслээр хангахаар ажиллаж байна.