УИХ-ын дарга Г.Занданшатарын “хошигнол” олны шүүмжлэлийг дагуулав

УИХ-ын дарга Г.Занданшатарын “хошигнол” олны шүүмжлэлийг дагуулав

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.02.17/ зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцсан. Түүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх томоохон эмнэлгүүдэд ажиллаж “Бид цөөхүүлээ цөөрч болохгүй. Илүү цагаар ажиллаж буй эмч, сувилагч нартаа цалин, урамшуулал өгнө” хэмээн амлав.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Бөмбөгөр” худалдааны төв оруутаа иргэдийг онлайнаар золгохыг уриалж, Сар шинийн өдрүүдэд золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн хэмээн мэдэгдсэн юм. 

Түүний уг мэдэгдэлтэй холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээнд иргэд идэвхтэй сэтгэгдлээ илэрхийлсний ихэнх нь хошигножээ. Мөн золголтыг онлайнаар хийхийг уриалж болох ч мөнгөө мобайлд гэж хэлэх нь илүү байлаа хэмээн иргэд шүүмжилж байна. Учир нь золголтын мөнгөө шилжүүлэх эсэх нь иргэдийн өөрийнх нь мэдэж хийх асуудал байхад хаа, хамаагүй юм ярьж хадуурсан УИХ-ын даргын энэ мэдээлэл иргэдийн шүүмжлэлд өртсөн нь энэ.

Яг шилжүүлнэ гэвэл шимтгэлтэй, шимтгэлгүй шилжүүлэх нь тодорхой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ингэж попрох шаардлага байсан уу гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Түүний оронд хөл, хорионоос болж түрээсийн болон банкны хүүний төлбөрөө төлж чадалгүй гэртээ сууж буй иргэдийн асуудлыг анхаарч үзээч гэх санал ч гарав. Бодох л асуудал.

Шилжүүлгийн шимтгэл гэснээс банк хоорондын мөнгө шилжүүлгийн шимтгэл 50-300 төгрөгт хэлбэлзэж байна. Шилжүүлэг бүрт харилцагчид шимтгэл төлсөөр нэг жилд багагүй мөнгийг зарсан байдаг.

Цагаан сарын баярын гурван өдөрт шилжүүлгийг шимтгэлгүй болгож байгаа юм чинь бусад үед ч шимтгэлгүй болгох боломжтой гэх ойлголт УИХ-ын дарга Г.Занданшатарын ярианаас харагдаж буй.

Тэгэхээр ганц баяраар бус цаашид шилжүүлгийг шимтгэлгүй болгодоггүй юм аа гэхэд бууруулах боломж бий гэж харагдлаа. Тэгэхээр энэ чиглэлд ажиллаж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас иргэд хүсч байна. Ямартай ч уг асуудлаар Монгол банк болон Банкны холбооноос ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд золголтын мөнгийг шимтгэлгүй шилжүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд тэр их гүйлгээний алийг нь золголтынх мөн, биш гэх ялгахыг тааварлашгүй л байна.